Францын шигшээ баг энэ ДАШТ-ий тоглолт болгонд доод тал нь 3 гоол оруулж байна. Өчигдөр шөнө болсон Шведийн эсрэг тоглолтод тэд 3:0 ялсны хоёр гоолыг Килиан Мбаппе хийлээ. Тэд дараагийн тоглолтоо долоодугаар сарын 5-нд Парагвайн эсрэг хийнэ.
Английн шигшээ багийн хамгаалагч асан, одоо шинжээч Гари Невилл Францын шигшээ багийг түрүүллээ гэж хэлэхэд болно гэж үзэж байна.

Невилл ITV телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Үнэхээр гайхалтай ялалт байлаа. Бид Францыг дэлхийн аварга болох магадлалтай багуудын тоонд оруулж байсан ч энэ шигшээ баг огт өөр байна. Тэд маш оновчтой, алдаагүй тоглож, өрсөлдөгчдөө ээлж дараалан бут ниргэж байна. Би хөлбөмбөгийн тоглолтыг хамгаалагчийн үүднээс үздэг. Францын гараанд гарсан дөрвөн довтлогчийг (Мбаппе, Олисе, Дембеле, Барколя) яаж зогсоохыг би мэдэхгүй байна. Тэд хамгаалагчдын хувьд аймшиг, там л гэсэн үг. Франц бусад багаасаа огт өөр түвшинд тоглож байна. Бразил сүүлийн минутад ялж, Герман, Нидерланд хасагдлаа. Харин Франц өөр баг юм. Тэд ур чадвараар бусдаасаа хол тасарчээ. Тэднийг зогсоох магадлалтай ганцхан баг байгаа нь Аргентин. Аргентинчууд сэтгэлийн хат, тэвчээр, туршлага, уур хилэнгээ ашиглан, хатуу ширүүн тоглож байж зогсоох боломжтой” гэжээ.

Мөн тэрээр “Мбаппег хараад надад Бразилын Роналдо санаанд орсон. Мбаппе эсрэг ямар ч баг гарсан, тэднийг айлгаж, чичрүүлж байна. Тэр үнэхээр хүчирхэг юм. Энэ ДАШТ бол Мбаппегийн тэмцээн байх болно. Мбаппе энэ ДАШТ-ээр агуу тамирчдын эгнээнд орно. Тэр бусдаасаа тасарсан байна” гэж магтсан байна.
