Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэллээ. Наадамд нийт 242 үрээ бүртгүүлснээс 50 нь хасагдаж, 190 нь гарааны зурхай руу хөдөлсөн.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хиймэл оюунд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжиж байгаа. Энэхүү төхөөрөмжөөр морьдын сэрвээний өндрийг 30-40 секундэд хэмжих бөгөөд хэмжих үеэр уяач морийг төхөөрөмжөөр жигд хөтлөн оруулахад өндөр хүчин чадалтай таван камер бүхий AI систем сэрвээний өндрийг автоматаар тодорхойлж, хэмжилтийн үр дүнг шууд дэлгэцээр харуулж байгаа юм. Хэмжих үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон морь барианы бүсэд байршуулсан дэлгэцээр шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэхээр зохион байгуулсан байна. Шаардлага хангаагүй морьдыг тухайн хэсэгт уяж үлдээх бөгөөд шаардлага хангасан морьд дараагийн шатны бүртгэл, хяналтын ажиллагаанд шилжин оролцоно.
Айргийн тавд:
Төв аймгийн Бүрэн сумын уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн халтар үрээ түрүү магнай,
Төв аймгийн Сүмбэр сумын уяач, Баатарын Чулуунсүхийн халтар аман хүзүү,
Дорнод аймгийн Цагаан-Уул сумын улсын алдарт уяач Гүнсэнгийн Ганчулууны хээр үрээ айргийн гуравт,
Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач, Цэрэндоржийн Амарсанаагийн бор үрээ айргийн дөрөвт,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Цэвэгдоржийн Мягмардоржийн хээр үрээ айргийн тавд хурдаллаа.
