Мэргэжлийн сүмо бөхийн башё болгоны дараа болдог Ёкозүнагийн зөвлөлийн ээлжит хуралдаан Кокүгикан ордонд явагдлаа.

Хурлын дараа хэвлэлийн бага хурал хийлгэсэн тус зөвлөлийн тэргүүн Оомори Осамү “Ооносато ёкозүна цолтны үүрэг, хариуцлагыг сайтар ухамсарлан, түрүүллээ. Түүнд үнэн сэтгэлээсээ баяр хүргэмээр байна. Сүүлийн 6 башёд түрүүлсэн бөхчүүд бүгд 12 давжээ. Цаашдаа үнэн хүчит аварга гэдгээ харуулж, 15 даваатай түрүүлэхийг хүсэж байна. Хоошёорюүгийн хувьд гэмтлээ бүрэн эдгээгээд эргэн ирэх хэрэгтэй. Бэлтгэлээ сайн хийж, түрүүлэх хэмжээнд хүрээд дахин барилдахыг нь бөх сонирхогчид харахыг хүсэж байгаа. Манай зөвлөл энэ удаад түүнд ямар нэг анхааруулга, сануулга өгөх талаар огт яриагүй. Учир нь бид түүнд маш их итгэл хүлээлгэж байгаа” гэж мэдэгдлээ.
