Японы нийслэл Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн явагдаж, өндөрлөлөө. Тэмцээнд мэргэжлийн сүмо бөхийн 75 дахь ёкозүна Ооносато 12 даваатай түрүүлж, 6 дахь удаагаа Эзэн хааны цом өргөлөө. Тэрээр 6 тэмцээний дараа ийнхүү түрүүлж байгаа юм. Сүүлийн нэг жил гэмтэж бэртэн, шүүмжлүүлж байсан аварга түрүүлээд нулимсаа барьж ядаж байсан нь энэ түрүү түүнд хэр үнэ цэнтэй болохыг харуулж байлаа.

Энэ башёд ёкозүна цолны болзол сонсоод байсан озэки Киришима 8 давж, нэгэн боломжоо алдлаа. Гэхдээ дараагийн боломж ирэх нь гарцаагүй.

Озэки болоход алхам ойртсон байсан сэкивакэ Атамифүжи ч найман даваатай тэмцээнээ дуусгалаа. Дээд зиндааны хамгийн жижиг бөх болох сэкивакэ Фүжинокава 11 давж, дараагийн цолонд хүрэх замаа зассаар байна.

Шинэ маэгашира Тошинофүжи Ө.Дэмиджамц 9 даваатай тэмцээнээ өндөрлүүлсэн. Тун авьяаслаг сайн бөх дээд зиндааг удахгүй шуугиулах нь гарцаагүй.

Дэванорюү Т.Тэмүүлэн, Кёкүкайюү Ш.Далайбаатар нар дээд зиндаанд дэвших болзлоо хангачихаад холбооны шийдвэрийг хүлээн сууж байна. Монголоос төрсөн 34, 35 дахь дээд зиндааны бөхчүүд болно. Макүшитагаас Асахифүжи Б.Очирсайхан ирэх башёд жюүрёод гарч, сэкитори болох нь тодорхой. Жёошёоюү А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүллээ.

Ахмад бөх Тамаваши жюүрёод түрүүлэх тун дөхсөн ч сүүлийн өдөр ялагдаад 11 даваатай тэмцээнээ дуусгасан. Гэхдээ ирэх 11 дүгээр сард дээд зиндаандаа эргэн морилох болсон.
Зиндаа бүрийн аваргууд
Макүүчи
Ёкозүна Ооносато 12-3
Нишёоносэки дэвжээ, 26 настай
Ишикава муж, 2023 оны 5-р сараас барилдсан
Жюүрёо
Зүүний 6 Китановака 11-4
Хаккакү дэвжээ, 25 настай
Ямагата муж, 2019 оны 3-р сараас барилдсан
Макүшита
Барууны 25 Инами 7-0
Оноэ дэвжээ, 26 настай
Кагошима муж, 2024 оны 1-р сараас барилдсан.
Санданмэ
Барууны 37 Кобаяши 7-0
Касүгано дэвжээ, 22 настай
Сайтама муж, 2023 оны 1-р сараас барилдсан.
Жонидан
Зүүний 19 Аманэ 7-0
Шикорояма дэвжээ, 27 настай
Канагава муж, 2017 оны 3-р сараас барилдсан.
Жонокүчи
Барууны 17 Жёошёоюү А.Сосорхүү 7-0
Минатогава дэвжээ, 22 настай
Монгол, 2026 оны 7-р сараас барилдсан.

Намрын тэмцээний тусгай шагналтнууд
Шүкүншёо Гарамгай барилдааны шагнал
Байхгүй.
Гиношёо Уран барилдааны шагнал
Байхгүй.
Кантошёо Дайчин барилдааны шагнал
Баруун сэкивакэ Фүжинокава 11-4
Исэноүми дэвжээ, 21 настай
Киото хот, 2023 оны 1-р сараас барилдсан.
Баруун 3 маэгашира Чюраноүми 10-5
Kисэ дэвжээ, 33 настай
Окинава муж, 2016 оны 3-р сараас барилдсан.
