Зүүмерүүд буюу ЖенЗи (Gen Z) үеийнхний ихэнх нь хэзээ ч утсаа авдаггүй байна. Гар утсан дээр “ээж” гэсэн нэр гарч ирсэн ч тэд ойр дотнын хүн нь биш цагдаагийн газраас дуудлага ирсэн мэт л түгшингүй хараад утсаа буруу харуулан тавьдаг. Их Британийн “Uswitch”-ийн хийсэн судалгаагаар 18-34 насныхны 4 хүний нэг нь огт утсаа авдаггүй, 10 хүний 7 нь мэссэжээр харьцахыг илүүд үздэг байна. Ахмад үеийнхэн утсаа авахгүй байгаа нь бүдүүлэг явдал гэж үздэг бол харин залуус гэнэтийн дуудлага бол стресс гэж үздэг нь тогтоогджээ.
Яагаад зүүмерүүд утсаар ярихаас мэссэжээр харилцахыг сонгож байна вэ?
Мэссэжийг ажлаа дуусгаад завтай болсон хойноо үзэж болно. Харин утас бол хийж байгаа юмаа хаяад ярихаас өөр аргагүйд хүргэдэг. Бүх ажил нь хуваарийн дагуу хүнд гэнэтийн дуудлага бол саад садаа гэсэн үг. Ямар ч хүнд анхаарлаа төвлөрүүлэн хийх ёстой ажил байдаг. Утасны дуудлага бол зөвхөн яриад өнгөрөх зүйл биш. Хүнд хэцүү ажил хийж байсан бол дахин эхлэхээс өөр аргагүй болно. Эсвэл яг юу хийж байснаа санах шаардлага гардаг.
Бэлтгэлгүй яриа
Утсаа авбал тэр дороо шууд ярианд орох хэрэгтэй болно. Цаад хүнээ юу хүсээд байгааг ойлгож, хариугаа хэлэх шаардлагатай. Харин захидал, мэссэж бол өөр. Хариугаа сайн эргэцүүлэн бодож, засаж, залруулж ч болно. Харин утсаар ярихад тийм боломж үгүй. Дээр нь хүн хэрэгтэй зүйлээ асуугаад утсаа салгана гэж байхгүй. Орой хоолонд орох эсэхийг л асуух гэж байснаа нэг мэдэхэд 20 минут илүү дутуу юм ярьсан байдаг. Зарим хүнд энэ нь сайхан зүйл байж болох ч зүүмерүүдэд цаг дэмий үрж байгаа хэрэг юм.
Бичиж болно шүү дээ
Маргааш уулзья гээд бичээд болох зүйл дээр яагаад утсаар ярьдаг юм бол гэж зүүмерүүд гайхдаг. Хэдэн цагт, хаана гэдгээ тодруулах гэж үү? Тэрийг ч бичээд асууж болно. Хэзээ ч харж болох мэссэж шүү дээ.
Энэ нь зүүмерүүд ярих дургүй гэсэн үг биш. Тэд өөрсдийн утсаар ярих таатай цагийг сонгодог. Ойрын хүнтэйгээ ярих сайхан ч огт дэмий цаг агаар яриад байх хүсэл тэдэнд үгүй. Харин мэссэж бол ажлын дундуур ч харилцаж болох хялбар эд.
Хэн нэг нь үхсэн юм уу?
Ихэнх зүүмер олон нийтийн сүлжээний мэссэнжэрээр харилцдаг. Тийм болохоор гэнэт утас дуугарах нь түгшүүр төрүүлнэ. Ямар нэг гай зовлон тохиолдоо юу гэж бодогддог гэнэ. Зүүмерүүдийн тал хувь нь гэнэтийн утас дуудлагаас муу зүйл хүлээдэг ажээ. Тэд хэнийг ч гомдоохыг хүсдэггүй, зүгээр л утсаар ярих дургүй юм шүү. Утас авсангүй гэж гомдох хэрэггүй. Тэр завгүй байж болно.
Тэгэхээр зүүмэртэй харьцахын тулд эхлээд богинохон “Утсаар хэзээ ярьж болох вэ” гэж мэссэжээр асуу. Тэгвэл тэр эвгүй байдалд орохгүй.
