Казахстаны Астанад болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэй барилдаан өнөөдөр эхэлж байна. Эрэгтэй 65 кг, 97 кг жингээр эрчүүдийн өрсөлдөөн эхэллээ. ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнтэй, сонирхолтой жин бол эрэгтэй 97 кг. Энэ жинд 33 бөх барилдах юм. Астанад олимпын хошой, дэлхийн 6 удаагийн аварга Абдулрашид Садулаев (ОХУ), отгон дэлхийн аварга Кайл Снайдер (АНУ), Парис-2024 олимпын аварга Ахмед Тажудинов (Бахрейн), дэлхийн 3 удаагийн аварга Хасан Яздани (Иран) нар 97 кг-д өрсөлдөнө. Кайл Снайдер (АНУ) Абдулрашид Садулаев (ОХУ) хоёр шөвгийн найм дээр учраа таарах учиртай байгаа.
ДАШТ-ий өмнө Кайл Снайдер хэвлэлийн бага хурал хийлгэхдээ Ираны Хассан Язданитай барилдаж үзэхийг хүсэж байгаагаа мэдэгдлээ. Тэд албан ёсны тэмцээн дээр таарч байсан удаагүй. Учир нь жин өөр байлаа. Харин Яздани жин өгсөн орж ирснээр спорт сонирхогчдын харахыг мөрөөддөг, ийм барилдаан болох магадлал нэмэгдсэн юм.
Кайл “Яздани бид хоёр сарын өмнө уулзсан. ДАШТ-д учраа таарах сан гэдэг дээр санал нэгдсэн. Финалд таарна гэж найдаж байна. Сонгон шалгаруулах барилдааныг нь харахад тэр шинэ жиндээ зовох зүйлгүй, дасан зохицжээ. Бяр дутахгүй байна. Энэ удаагийн 97 кг жин миний барилдаж үзсэн хамгийн өрсөлдөөнтэй тэмцээн. Жинхэнэ хүчтэнүүд энэ жинд ирсэн. Хэн нь ч гараад ирэх боломжтой” гэж хэлсэн юм.
Снайдер 9 дэх ДАШТ-дээ орж, аварга цолоо хамгаална. Түрүүлбэл дэлхийд 5 түрүүлэх учиртай. Харин Яздани Парис олимпын наадамд 86 кг-д мөнгөн медаль аваад жин өгсөхөөр шийдсэн. Ираны шигшээ багийн сонгон шалгаруултад тэрээр олимп, дэлхийн Амирали Азарпираг хоёр ялж, ДАШТ-ийн эрхээ авсан.
Снайдер “Би олон жилийн өмнө Язданитай бэлтгэл дээр 20 минут барилдаж байсан. Тэр үнэхээр аваргын сэтгэл зүйтэй бөх. Маш туршлагатай, үхэхээс бусдыг үзэж байж, оргилд гарч ирсэн бөх. Барилдааны эхнээс хурдан барилддаг. Хөлд орохдоо сайн. Язданитай барилдаж үзээгүй болохоор яахыг мэдэхгүй байна. Ер нь Садулаев миний хамгийн хэцүү өрсөлдөгч. Абдулрашид бид хоёр нэг хэсэгт орсон. Гэхдээ таарахын тулд эхлээд өөрсдөө ялах шаардлагатай” гэжээ.
Энэ гурван бөх анх удаа 2016 онд олимпын аварга болсноосоо хойш анх удаа нэг жинд барилдах гэж байгаа нь сонирхолтой.

