Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"


Дулаахан өдрүүд цөөрч гадаа суун хөөрөлдөх өдрүүд алсарсаар. Жилийн дөрвөн улиралтай бид үнэхээр адал явдалтай хүмүүс шүү. Үгүй бол байж л байдаг зун, байсаар л байсан уур амьсгал шүү дээ. Хөл хорио бидний хэдэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг арчаад хаяв уу гэтэл шинээр төрүүлсэн нь ч бий ажээ. "Ширээн дээр" булангийн энэ удаагийн дугаараар буйдхан хотод маань тод ягаан өнгө татуулсаар ирсэн Kaktus Zone-ийг онцолж байна. Ороод л гарахад үзэж харах зүйл их, ярих сэдэв өчнөөн байлаа. 

Инстаграм: Kaktus.zone

Байршил

Мөнгөнзавьяагийн зүүн талаар эргээд машин замаа дагаад явахад төд удалгүй тосоод авдаг юм билээ.

Уур амьсгал

Олон жил гадаад орноор аялаж явсан зурагчин маань "Яг л Бостоны кофе шопд орж ирсэн мэт санагдаж байна" гэснээр зөвхөн Монголдоо асан миний төсөөлөл хаа байсан Бостоны аль нэг гудамж дахь кофены мухлагт ирсэн мэт болов. Кофе шоп гэхчийг хотын хаа сайгүй тааралдах сүлжээ кофе шопуудаас л мэдэрч ирсэн надад хачин сонирхолтой санагдсан. Тавилга, сандал ширээ, дотоод засал нь кофе шоп гэхээс илүү айл шиг мэдрэмж төрүүлэв. 

Кофе шопынхоо жижиг хэрэгсэл, эд зүйлсийг хаанаас цуглуулсан бэ?

А.Баясал /Kaktus Zone-ийн үүсгэн байгуулагч/

- Эмээ маань Монголын анхны кофе шопуудын нэгийг ажиллуулж байсан юм. Нисэх буудал дээр байдаг байсан. Өөрөө кофенд их дуртай байсан болохоор кофе шопдоо содон зүйлс их цуглуулдаг байсан гэдэг. Тэгээд энэ ширээнүүд, зарим эд хэрэгсэл эмээгийн кофе шопоос манайд ирсэн юм. 

Ая тух

Дотор эсвэл гадаа суух гэсэн сонголттой. Дотор нь хөгжим явж, үе үе холигч машин ажиллах чимээ танд төвөг удахгүй гэвэл жижигхэн дугуй ширээн дээр биеэ чилэх хүртлээ тухалж болохоор. Харин гадаа нь чимээ багатай байх бөгөөд хүмүүс ном уншин аниргүй сууна. 






Хөгжмийн сонголт 

Номын тавиурын доогуур овоолоостой байсан пянзнуудын аль нэг л байх...

Онцлох бүтээгдэхүүнүүд

Kaktus Ade, Calpis Ade, Blueberry Smoothie Bowl гэх бүтээгдэхүүнүүд нь онцлохгүй байхын аргагүй. Цэс нь цомхон юм шиг хэрнээ 21 нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа гэхээр тэдний галт тогоо завгүй байдаг нь тодорхой биз ээ. 

Kaktus ade-ийг тусгай цайгаар хандалж ховорхон, хачирхалтай, сэнгэнэсэн амттай болгодог. Тэрхүү цайнд уг уух зүйлийн утга учир нуугдах бөгөөд цайны идээг Монголоос олох боломжгүй тул Бостоноос хүнд захиж авчруулсан гэнэ. Учир нь цайг цахимаар захиалах боломжгүй. Маш хол зам туулж ирсэн цай хэрэв дуусвал хэсэгтээ Kaktus ade гарахгүй ч байж мэдэх юм. Ade дээрх гааны навчаа тэд өөрсдөө тарьж ургуулдаг. Шив шинэхэнээр нь тасдаж аваад уух зүйлийг маань чимж өгсөн нь улам бүр уран гоо болгов.






- Kaktus Zone гэдэг нэр ямар утга учиртай вэ? 

Индианчуудын хувьд кактус цэцэг нь ээжийн хайрыг бэлгэддэг юм билээ. Учир нь ямар ч нөхцөл, уур амьсгалд тэр бүү хэл усгүй ч гэсэн ургасаар байдаг ургамал тул эхийн хайрыг бэлгэддэг гэсэн. Тэгээд л Kaktus Zone-ийг кактус цэцэг шиг тэсвэртэй байгаасай гэж ийм нэр бодож олсон юм. 



Calpis ade бол час хийсэн, исгэлэн чихэр ууж байгаа мэт боловч сахарын орцгүй гэдгээрээ онцлог. Халуун өдрүүд дуусах дөхөж байна. Хүйтэн ундаа бүрийг нь амжиж амталж үзээрэй гэж захих байна.


Blueberry Smoothie Bowl-ын орц найрлагад төрөл бүрийн жимс, чиа үр, кокос, алмонд самрын сүү зэрэг орж мөн л сахаргүйгээр бий болжээ. Гайхалтай шинэхэн амт нь хамаг биеийг сэрүүцүүлж, сэрээж байлаа. Халбагадах бүр баялаг байсан болохоор халуун өдрийн хамгийн сайхан дессерт болох юм билээ. Аяга, халбага нь ч өвөрмөц байгаа биз?

- Kaktus Zone үйлчлүүлэгчдээ юу мэдрээсэй гэж хүсдэг вэ?

Бусад кофе шопоос үнийн хувьд хямд хэрнээ бүтээгдэхүүнээ бид дундаас дээш хэмжээгээр гаргадаг. Уух зүйлсээ органик орц, найрлагатай байлгах гэж хичээдэг. Ингээд бодохоор үйлчлүүлэгчээ гэсэн тэр сэтгэлийг л мэдрээсэй гэж хүсдэг юм уу даа. 

Эндэхийн уух зүйлс сахар багатай байгаа нь зарим үйлчлүүлэгчийг гонсойлгосон удаатай гэнэ. Энэ тухай үүсгэн байгуулагчид "Манайхан яалт ч үгүй их сахар, сироптой нялуун, хурц амтанд дасчихсан бололтой. Бидний бэлтгэсэн уух зүйлсийн утга учир, үнэ цэнийг хараахан ойлгохгүй мэр сэр хүмүүс байдаг юм. Мөн зарим нь уух зүйлээ хутгахгүй өглөө гэх нь ч бий. Орц найрлага, өнгө үзэмжийн хувьд бид яг л стандартын дагуу үйлчилж байна. Уух зүйлээ өөрийнхөө дур сонирхлоор хутгаж уух сонголтыг бид үйлчлүүлэгчиддээ үлдээдэг.

Магтах зүйлс

Буйдхан хотод маань Бостоны мухлагийг авч ирсэнд талархаад барамгүй. Мөн ариун цэврийн өрөөндөө эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл үнэгүй байршуулах санаачлага гарган охид, эмэгтэйчүүдэд дотно тус хүргэж байгааг нь магтъя. Тэднээс гадна "Yellow", "Daily Dose" кофе шопууд мөн энэхүү санаачилгад нэгдэж ариун цэврийн өрөөндөө ариун цэврийн хэрэглэл тавьдаг хэсэгтэй болжээ. Магад бусад газруудад ч энэ соёл түгж Улаанбаатар хотын бүх кофе шопууд эмэгтэйчүүдийг "ойлгодог" ариун цэврийн өрөөтэй боллоо хэмээн дэлхийд зарлагдах ч юм билүү. 






- Ариун цэврийн хэрэглэл үнэгүй байх ёстой гэсэн бодол яагаад төрөх болов? 

Хоёр жилийн өмнө "Шотландад эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл үнэгүй боллоо" гэдэг мэдээг хараад энэ талаар илүү нухацтай бодож эхэлсэн. Үндсэн мэргэжил маань хөгжмийн чиглэл хэдий ч, хоёр дахь сонгож мэргэшсэн салбар маань сэтгэл судлал. Тэр дундаа жендэрийн тэгш байдлын талаар илүү дэлгэрэнгүй судалж суралцсан юм. Ер нь бол нийгэм дэх эрэгтэй хүний давамгай байдал ямар байгааг судлаад ирэхээр эмэгтэй хүний асуудлууд илт ялгаатай харагдаж эхэлдэг. Тэгээд суралцаж байх явцдаа энэ сэдвийн хүрээнд олон судалгааны ажил, ном зохиол уншиж, баримтат, уран сайхны кино үзэж байсан. Тэр явцад эмэгтэй хүний сарын тэмдгийн талаар ихээхэн хөндөгдөж үүнийг дэлхийн хаана байгаагаас шалтгаалаад янз бүр хүлээж авдаг тухай ойлгож, мэдэж авсан. Жишээ нь, Энэтхэгт эмэгтэй хүний сарын тэмдгийг "сар бүрийн хараал" гэж хэлдэг байх жишээтэй. Энэ мэтчилэн олон зүйл мэддэг болох тусам эмэгтэй хүний байр суурь шударга бус санагдаж нэг л мэдсэн маш их санаа зовдог болсон. 

- Охид, эмэгтэйчүүд хэрхэн хүлээж авч байна? Танайхаас уух зүйл аваагүй ч гэсэн шаардлагатай үедээ орж ирээд ариун цэврийн хэрэглэлээ аваад гарах боломжтой юу?

Эхэндээ бид баристад хэлээд авах байдлаар зохион байгуулсан ч охид тэр бүр асуухгүй байсан юм. Нэг охин "Хэлж авахаас ичээд байна. Нууц газар "Сараа эгч" гэдэг жижигхэн хайрцаг тавиад өгөөч" гэдэг санал хэлсэн. Үүнийг бид энгийн л зүйл, ичих асуудал биш гэдгийг ойлгуулах гэж хичээж байхад яагаад сарын тэмдэг гэдэг үгийг хүртэл хэлэхгүй "Сараа эгч" гэж нэрлээд байгааг нь гайхсан. Тэгээд бид зүгээр л угаалтуурынхаа дэргэд ил жижигхэн сав хийгээд тавьдаг болсон. Охид маань уг нь хэрэгтэй үедээ ганц, хоёрыг аваад бусдадаа үлдээдэг бол зүгээр байгаа юм. Гэтэл зарим охид 4, 5-аар нь аваад цүнхэлчихдэг.

- Ариун цэврийн хэрэглэлийн нөөц хэр байгаа вэ? Бас хэрхэн цуглуулж байна?

Олон хүн манайд мөнгөн хандив өгье гэж санал тавьсан. Тэгж хэлсэн хүмүүст  "Дэлгүүрээс ариун цэврийн хэрэглэл захиалаад манайд хүргүүлж болно оо" гэж хэлээд бид огт мөнгө авдаггүй юм. Гэхдээ тэгж санал тавьсан хүмүүсийн нэг нь ч одоогоор ариун цэврийн хэрэглэл хүргүүлээгүй байгаа. Хүмүүс ер нь их, бага гэлтгүй бидэнд ариун цэврийн хэрэглэл авчирч өгдөг. Хоёр, гурван охин өөрт нь таарахгүй байгаа гэсэн ариун цэврийн хэрэглэлээ авчирч өгсөн. Бас монголчуудын захиалгаар Хонконгод ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч бидэнд хандив өгсөн. Энэ ариун цэврийн хэрэглэл нэг савандаа өдрийн, шөнийн гээд өөр өөр хэмжээтэйг багтаасан нь таалагдсан шүү. Бид болж өгвөл хүнд харшил өгөхгүй, эрүүл мэндийн шаардлагад нийцсэн, чанартай ариун цэврийн хэрэглэл байрлуулъя гэж боддог.

- Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ?

Kaktus Zone цаашид үргэлж иймээрээ л байх болно. Бусад үйлчилгээний газруудыг бас оффис, байгууллагуудад ч энэ жижигхэн соёлыг түгээж, ийм болоосой гэж хүсэж байна. 

Баристагийн царай

Эелдэг, энгийн, cool

Инстаграмд зураг хийхэд хэр тохиромжтой вэ?

Дотоод засал чимэглэлээ тэд өөрсдөө шийдэж, өөрсдөө хийсэн. Сайн ажиглавал тэнд зураг авах газар, зургийг нь авах зүйлс олон. 

Үйлчлүүлэхээс өөр юу хийх боломжтой вэ?

Хуучин хувцасны дэлгүүрээр нь хэсэж, ном унших боломжтой.







Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
2
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
3
2020.09.07
Ширээн дээр | Нью-Йорк маягийн пиццаг Улаанбаатарт амтлах боломж
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.