UBLife Logo
Newsfeed

Эндрю Гарфилд: Хүн Аалзын сэтгэлийн шархыг нөхсөндөө баяртай байна

Г.Сүрэн
Г.Сүрэн
Эндрю Гарфилд: Хүн Аалзын сэтгэлийн шархыг нөхсөндөө баяртай байна

Spoil Alert: Доорх нийтлэлд "Spider-Man: No Way Home" киноны үйл явдлыг дүрсэлсэн болно. 

"The Amazing Spider-Man" кинонд Хүн Аалзын дүрийг бүтээсэн Эндрю Гарфилд "Variety"-д өгсөн ярилцлагадаа хэрхэн яагаад Марвелийн "Spider-Man: No Way Home"-д тоглох саналыг хүлээн авсан болон зураг авалтын үеийн сэтгэгдлээ хуваалцжээ. 

Эндрю Гарфилд:

Би шинэ кинонд Питер Паркерийн дүрийг бүтээнэ гэж огт төсөөлөөгүй. Зүгээр л шүтэн бишрэгчийн хувиар бодоход л гурван Хүн Аалзыг нэг дор харах гайхалтай шүү дээ. Эми Паскал, Кевин Фейж, Жон Уоттс нар над руу яриад "Ахиад Хүн Аалз болох уу?" гэхэд яагаад ч татгалзмааргүй санагдсан. Тэд "Чи Питерийг өөрийнхөөрөө бүтээсэн. Харин энэ удаа өөр ертөнц рүү очоод өөрийнхөө арай залуу, арай хөгшин хувилбартай уулзвал яах вэ?" гэсэн. Яг л гурван ах дүү шиг... 

Тоби бид хоёрын зураг авалт хоёр долоо хоног үргэлжилсэн. Гэхдээ би зүгээр л гэнэт гарч ирээд "Сайн уу, баяртай" гээд алга болохыг хүсээгүй. "Миний" Хүн Аалз дүүгийнхээ хайртай охиныг аврахын зэрэгцээ өөрийнхөө амьдралын хамгийн хүнд шархыг эдгээдэг. Амьдрал заавал нэг шугамаар явах ёсгүйг харуулсан нь энэ мөчийг илүү сэтгэл татам болгосон байх. Гвенийг аврах хоёр дахь боломж! 

- Тоби, Том хоёртой хамт ажиллах ямар байв? 

Гурвуулаа өмсгөлөө өмсөж уулзаж буй нь анхных учраас догдлом байсан шүү. "Хөөх, одоо гурвуулаа боллоо шдээ" гээд л. Зураг авалтын үеэр угаалгын өрөө орох болоход миний өмсгөл цахилгаантайд Том атаархаж байсан шүү. Томын өмсгөл зузаан учраас утас нь хурууг нь мэдрэхгүй хамраараа утсаа ашиглаж байсан /инээв/. Бид гурвуул Хүн Аалз, зураг авалт, амьдрал ахуйгаа илүү дотно ярилцсан даа. "Spider-Verse"-тэй нийлээд Хүн Аалзын есөн киног үзсэн Эми Паскал тэнд байсан нь сайхан. 

"Миний" Хүн Аалзын тухайд хариулагдаагүй асуулт цөөнгүй үлдсэн ч би "No Way Home"-д эргэн ирж, Хүн Аалзын сэтгэлийн шархыг нөхсөндөө баяртай байна. Би Том Холландын Хүн Аалзтай барьцах биш, түүнийг гол дүр гэдгийг нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэхийг үнэхээр хичээсэн. 

- Хэрвээ "The Amazing Spider-Man"-ийн дараагийн анги гарах бол та тоглох уу? 

"Зөв" санагдсан зүйлд үргэлж нээлттэй хандах болно. Питер, Хүн Аалз аль ч талаараа гайхалтай дүр. Куинс хотын ажилчин ангийн ердийн л залуу Питер бол тэмцэл, ялагдлыг мэддэг, гүн гүнзгий өрөвч сэтгэлтэй нэгэн. Хэрвээ би ахин түүний дүрийг бүтээх болбол яг л түүний ёс зүйгээр бүтээлдээ хандаж, илүү их түүхийг өгүүлэхэд бэлэн байна. 

Эх сурвалж: Variety

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
9
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.