UBLife Logo
Спорт

Улсын начин Б.Түмэндэмбэрэлийн тухай сонирхолтой ЗУРГААН баримт

Улсын начин Б.Түмэндэмбэрэлийн тухай сонирхолтой ЗУРГААН баримт

Бид өнөө жилийн баяр наадмаар цолоо ахиулах, дээгүүр даваанд хүрч барилдах магадлалтай хэмээн Булган аймгийн Орхон сумын харьяат улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэлийн тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.


#1 Зааны энтэй начин

Түүний цол амжилтын дараалал тун сонирхолтой. 2012 онд сумын заан цолонд хүрч, 2015 онд аймгийн заан, 2016 онд даншигийн заан, 2018 онд цэргийн заан цолыг хүртсэн байдаг. Тиймээс бөх сонирхогчид Б.Түмэндэмбэрэл начинг улсын зааны энтэй бөх хэмээн хүндэлдэг билээ. 


#2 "Алтан цом"-ын чимэг

Б.Түмэндэмбэрэл ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар нутгийн ахаараа дэмжүүлэн улсын цолонд хүрсэн. Түүнийг улсын заан М.Өсөхбаяр таван даваанд амлаж, гар амар давуулсан юм. Харин өнгөрсөн жилийн наадмаас өдийг хүртэлх хугацаанд "Алтан цом"-ын төлөөх цуврал барилдааныг Булганы начингууд чимж, уран, түргэн барилдаанаараа шагшуулсны нэг нь Б.Түмэндэмбэрэл билээ. Тиймээс өнөө жилийн наадмаар цолоо ахиулна гэж зон түүнийг харж байна.


#3 "Барилдааныг нь сайн мэдэх учраас л Түмээг амлахаар шийдсэн"

Тэрээр улсын начин цолонд хүрсэн жилээ зургаагийн даваанд тухайн үеийн улсын начин О.Мөнх-Эрдэнэд амлуулан барилдаад унасан юм. О.Мөнх-Эрдэнэ тэр үед Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын гурван хүнээс Б.Түмэндэмбэрэлийг амласан. Тэрээр энэхүү сонголтынхоо тухайд "Би Түмээгийн барилдааныг сайн мэднэ. Сумын заан байхаасаа л түүний барилдааныг тогтож хардаг байлаа. Намайг сумын заануудын барилдаанд нэг давах, давахгүй байх үед Түмээ аль хэдийн түрүүлж, үзүүрлэдэг бөх байлаа шүү дээ. Налайхын наадамд түрүүлж аймгийн арслан болоход нь би нэг дээр таараад түүнд унаж байлаа. Гэвч барилдааныг нь сайн мэдэх нь надад бас давуу тал гэж бодоод түүнийг амлахаар шийдсэн дээ" гэжээ.


#4 Сар шинийн барилдаанд аймгийн заан цолтой тунасан нь

Б.Түмэндэмбэрэл 2018 оны сар шинийн барилдаанд аймгийн заан цолтой зодоглосон юм. Тэрээр улсын начин Л.Лха-Очир, улсын аварга Г.Эрхэмбаяр нарын бөхчүүдийг давж, тавын даваанд улсын харцага Б.Бат-Өлзийтэй тунасан билээ. Сар шинийн барилдаанд бүх л өндөр цолтой бөхчүүд зодоглодог тул чансаа өндөр болдог бөгөөд эл барилдааны тавын даваанд аймгийн заан цолтой тунана гэдэг түүний барилдаан томчуудад хэр халтайг илтгэх биз ээ. Бас энэ нь Монгол бөхийн түүхэнд дэх содон амжилтуудын нэг юм.


#5 Наадмын амжилтууд

Б.Түмэндэмбэрэл хорин насныхаа босгон дээр сумын заан цол хүртсэн бол харин гучин насныхаа босгонд улсын начин цолонд хүрсэн юм. Энэ зуурт 23 насандаа аймгийн заан, 25 болон 26 насандаа цолоо хоёр ч удаа баталж, мөн 26 насандаа аймгийн арслан цолонд хүрсэн билээ. Тэрээр аймгийн баяр наадамд нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн агаад бүх цэргийн наадамд мөн нэг удаа үзүүрлэжээ. Тухайлбал, 2018 онд бүх цэргийн наадамд үзүүрлэж заан цолоо хоёр дахиа батлаад, яг сарын дараа Налайх дүүргийн наадмаар үзүүрт тэр жил өнгөтэй байсан улсын харцага (тухайн үед аймгийн харцага цолтой байсан) Б.Зоригтбаатарыг давж, аймгийн арслан цолонд хүрсэн билээ. 


#6 Заалны барилдааны амжилтууд

Тэрээр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд дөрөв түрүүлж, хоёр үзүүрлэсэн төдийгүй дөрвөн ч удаа Их шөвөгт шалгарсан амжилттай. Харин улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэг үзүүрлээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.