АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө Ромын Пап ламтай адил төрхтэй болгож хиймэл оюун ашиглан янзалсан зургаа өнгөрсөн баасан гарагийн орой Truth Social платформ дээр нийтлэсэн. Дараа нь үүнийг Цагаан ордон өөрсдийн албан ёсны X хуудастаа дахин хуваалцсан нь католик шашинтнуудын эгдүүцлийг хүргэж байна.
Ийм зураг нийтлэхээсээ хэдхэн хоногийн өмнө Трамп “Пап лам болмоор байна” гэж хошигнож байсан билээ. Ромын пап лам асан Францискийн төлөөх залбирал, гашуудлын хугацаа дуусаагүйн дээр тун удахгүй дараагийн пап ламыг сонгох чуулган эхлэх гэж байхад Трампын хийсэн үйлдэл нь цагаа олоогүй хошигнол гэж Итали, Ватиканы хэвлэлүүд мэдээлж байна. Италийн Ерөнхий сайд асан Маттео Ренци “Энэ бол инээх зүйл огт биш. Католик шашинтнуудыг, итгэгчдийг доромжилж байна.” гэж Х хаягтаа бичжээ.

Харин Цагаан ордон болон Трампын төлөөлөгчид түүнийг католик шашныг дэмжигч хэмээн хамгаалсан байр сууриа илэрхийлсэн юм. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт “Ерөнхийлөгч Трамп Пап лам Францискийг хүндэтгэн, оршуулах ёслолд нь оролцохоор Итали руу ниссэн. Тэр энэ үйлдлээрээ Католик шашинтнуудыг шоолох ямар ч сэдэл байгаагүй бөгөөд Трамп бол шашны эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч” гэж мэдэгджээ. Барууны идэвхтнүүд ч X хуудаст Трампыг өмөөрсөн байр сууриа илэрхийлсээр байна. Хэт барууны идэвхтэн Жек Пособиек “Би католик шашинтай хүн. Зөвхөн Трамп ч биш бид бүгдээрээ л хэд хоногийн турш удахгүй болох Пап ламын сонгон шалгаруулалтын талаар хошигносон. Үүнийг хошин шогийн мэдрэмж гэж нэрлэдэг юм” гэжээ.

Энэ бол Трампын хиймэл оюунаар зураг бүтээснийхээ төлөө маргаан шүүмжлэл дагуулсан анхны тохиолдол биш. Тэрээр дайны хөлд нэрвэгдсэн Газыг Персийн булангийн мужтай төстэй амралтын газар гэж төсөөлж, өөрийнхөө алтан баримлыг тэнд босгосон бичлэгээ нийтэлж, энэ удаагийнхаас ч илүү үзэн ядалт авч байсан юм.