Тангараг өргөхөөсөө өмнө Дональд Трамп “Миний ажлын эхний 100 өдөр АНУ-ын Ерөнхийлөгч нарын түүхэнд үлдэх өвөрмөц 100 өдөр байх болно” гэж мэдэгдэж байсан билээ. Үнэхээр тэр чадсан. Трамп 100 өдрийн дотор дэлхийг дэлдийлгэж, бужигнуулаад амжсан. Энэ зуун өдөр тэр таван дайн зарласан билээ.
Нэгдүгээр дайн: Конгресс, хүнд сурталтай хийсэн дайн
Ерөнхийлөгчийн албаа хүлээж аваад л Трамп зарлиг, тушаал гаргаж эхэлсэн. Цагаачдыг саатуулах төв барих, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрээс гарах, холбоодын агентлагуудыг хаах, 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолийг дайрахад оролцсон хүмүүст өршөөл үзүүлэх гээд ээлж дараалан тушаалууд гарч байлаа. Эхний өдөр гаргасан 26 зарлиг дотор гадаадад үзүүлэх бүх тусламжаа зогсоох зарлиг байлаа.

Юуны өмнө Олон улсын хөгжлийн агентлаг болох USAID-ийг овоо хараандаа авсан. Энэ агентлаг вакцин тараах, өлсгөлөнтэй тэмцэх, эмэгтэйчүүд, бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах ажил хийж байлаа. Энэ агентлагийн үйл ажиллагааг зогсоосноор Либерид халдвартын эмнэлгүүд хаагдаж, Таиландад хүний наймаатай тэмцэх хөтөлбөрүүд зогслоо. Угандагийн эмнэлэгт тог тасарч, Африкийн жижигхэн улс Эсватинид ДОХ-ын эсрэг эм, тариа байхгүй болж, Нигерид вакцинжуулалт зогссон байна. “Америк” гэсэн уриатай Трампын хувьд энэ бүхэн татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй үрж байгаа хэрэг байв. USAID-ийн талынхан тус агентлагийн хөтөлбөр, төслүүд нь “зөөлөн хүчний бодлого” байсан. Энэ бодлогын ачаар АНУ дэлхийд ноёрхож байгаа гэж үзэж байв. Төрийн байгууллагуудыг үр дүнтэй ажиллуулах, илүү зардлыг танах ажлыг тэр тэрбумтан Илон Маскт оноосон юм. DOGE хэмээх Маскийн байгууллага төрийн нүсэр аппаратыг хөнгөлж, хэд хэдэн хүрээлэн, албан газруудыг хааж, хэдэн арван мянган хүнийг ажлаас нь халаад байна.
Хоёрдугаар дайн: Дайны эсрэг дайн
ОХУ-ын Украинд хийж байгаа дайныг Трамп Америкийн ашиг сонирхлыг шууд хөндөөгүй үйл явдал гэж үзсэн. Тиймээс Киевт их хэмжээний тусламж үзүүлээд байх шаардлагагүй гэжээ. Хоёрдугаар сарын 12-нд тэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан. Удалгүй Оростой хэлэлцээр хийхээр төлөөлөгч илгээсэн ч Украин, Европыг дуудсангүй.

Европын холбоог тэр Украины дайныг зогсооход оролцох хүч гэж харахгүй байгаа нь мэдэгдсэн. Харин Европын холоо энэ дайнд маш их хөрөнгө гаргасан тул зүгээр үлдэхийг хүсэхгүй байна. Ерөнхийлөгч Зеленский хоёрдугаар сарын сүүлээр Вашингтонд зочилсон ч талууд муудалцаад салсан. Трамп Украиныг янз бүрээр дарамталсаар ямар ч гэсэн байгалийн баялаг, газрын ховор элемент бүхий ордуудыг нь ашиглахаар болсон. Гэхдээ Трампыг Оросын талд буулт хийж байна гэж шүүмжлэх хүн олон. Трамп Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх, Крым, Донбасс, Луганскийг ОХУ-ын мэдэлд үлдээхээр Оростой ярьж байгаа нь илэрхий болсон билээ. Оросууд ямар буулт хийх вэ гэсэн асуултад Трамп “ОХУ дайныг зогсоож, Украиныг бүрэн эзлэхээсээ татгалзана” гэдэг нь том буулт” гэж хариулж байлаа. Сонгуулийн өмнөх сурталчилгаандаа Трамп 24 цагийн дотор Украины дайныг зогсооно гэж байсан ч 100 хоногт дайны гал зогсоогүй л байна.
Гуравдугаар дайн: Бүхний эсрэг
Дөрөвдүгээр сарын 2-нд Трамп “Америк улс чөлөөлөгдлөө” гэж зарлаад дэлхийн бүх улсад шинээр татвар оноосон. Импортын бүх бараанд 10 хувийн татвар нэмээд зогсохгүй, Хятадын бараанд оноосон татвар нь 100 хувь даваад гарсан. Дэлхий тэр чигээрээ бужигнаж, зарим нь АНУ-тай худалдааны дайн хийхээ зарласан бол ихэнх нь АНУ-тай гэрээ байгуулахаар дугаарлан зогсож байгаа юм. Энэ дайны үр нөлөөг дотнын түнш Израил, Япон, БНСУ улсууд ч амсаад байна.

Дөрөвдүгээр дайн: Их сургуулиудын эсрэг
АНУ-ын их, дээд сургуулиудаас Трамп өөрчлөлт шаардаж байна. Дэлхийн хамгийн алдартай Харвардын их сургууль ч цохилтод орлоо. Их сургуулиудад олгох нийт 2,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг царцаалаа. Удирдлагын системийг өөрчлөх, оюутан элсүүлэх журмыг өөрчлөх, үзэл бодлын өөрчлөлт гээд олон шинэчлэлт хийх шаардлагатай болсон. Их сургуулиуд эсэргүүцсэн ч Трамп Харвард тэргүүтэй шилдэг сургуулиудыг “олон нийтэд ашиггүй болсон” гэж үндэслэлээр хөнгөлөлт үзүүлэхээ болих шийдвэр гаргах гэж байна. Харвард их сургууль Палестинаас холбоогоо тасалж, Израилын эсрэг үзэлтэй багш нараа халсан ч Трампын санаанд хүрээгүй хэвээр.

Тавдугаар дайн: Шүүхийн эсрэг
Конгресст халз дебат байхгүй болсон тул Трампыг эсэргүүцэгчид түүний шийдвэрийг шүүх дээр заргалдаж, эсэргүүцдэг болсон. Ерөнхийлөгч болсон гурав дахь өдрөө Трамп “АНУ-ын нутагт төрсөн бол АНУ-ын иргэн” гэсэн хуулийг цуцалсан. Гуравдугаар сард Гадаадын дайсны тухай хууль”-ийг ашиглан, Венесуэлийн цагаачдыг хөөж гаргасан. Шүүхэд хандсан цагаачдын асуудал шидэгдээгүй байхад Трампын Засгийн газар Сальвадорт шоронгийн хоригдлуудаа зөөж эхэлсэн. Дээд шүүх ч тэр дор нь хориг тавьсны дүнд одоо талууд Шүүх дээр үзэлцэж байна. Трамп энэ 100 хоногт 200 удаа шүүхэд дуудагдсаны 70-д нь шүүхийн шийдвэр гараад байна. Шүүхээс Трампын хэт хачирхалтай 100 гаруй хууль дүрэмд хориг тавиад байна.