Мэргэжлийн сүмо бөхийн их аварга, 45 түрүүлсэн рекорд амжилтын эзэн Хакүхо өнөөдөр Токио хотын нэгэн зочид буудалд хэвлэлийн бага хурал хийлгэж, цаашдын зорилгынхоо тухай ярилаа. Тэрээр өнөөдөр Сүмо бөхийн холбооноос албан ёсоор гарч байгаа юм. Хакүхо юуны өмнө дэлхий дахинд сүмо бөхийг хөгжүүлэх төслөө танилцуулж, энэхүү төслийг хэрэгжүүлэх шинэ компанийн төлөөлөгч болсноо зарласан.
Дараа нь яагаад гарах болсон шалтгаанаа хүүрнэлээ. Тэрээр “Өнгөрсөн жил гуравдугаар сард Миягино дэвжээ хаагдсан. Дөрөвдүгээр сарын 1-нд хаагдаад яг нэг жил болсон. Гуравдугаар сард холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдсан ч Миягино дэвжээг хэзээ нээх талаар юу ч хэлээгүй. Энэ бол холбооноос гарах болсон хамгийн том шалтгаан байлаа. Өнгөрсөн жил шавь нар маань нэг галын Оошима ояката, Кёкүтэнхогийн дэвжээнд шилжих хүсэлтэй байсан ч ижилхэн монгол оякатагийн дэвжээнд болохгүй гэж холбооноос яриад болиулсан. Өөр дэвжээнд очихыг хүсэхгүй байна гээд 9 шавь зодог тайлсан. Бүтэн нэг жил өнгөрсөн ч Миягино дэвжээг нээх яриа өөрчлөгдөөд ирсэн. Зуны тэмцээний дундуур 11 дүгээр сард дэвжээг дахин нээх тухай яриа гарсан ч албан ёсны шийдвэр байгаагүй. Холбооны өнгөрсөн жилийн яриа энэ жилийн яриа огт өөр зөрүүтэй байлаа. Харамсах зүйл байхгүй. Цаашдаа сүмог олимпын хөтөлбөрт орно гэж найдан, хичээн зүтгэнэ” гэж тайлбарлалаа.