Нидерландын Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) Афганистаныг удирдаж байгаа “Талибан” хөдөлгөөний хоёр дээд удирдагчийг баривчлах зөвшөөрлийг гаргасан байна. Шүүхээс тус хөдөлгөөний тэргүүн Хайбатулла Ахундзада, Ерөнхий шүүгч Абдул Хаким Хаккани нарыг охид, эмэгтэйчүүдийн эсрэг хатуу арга хэмжээ, хязгаарлалт тавьж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ.
2021 онд “Талибан” хөдөлгөөн нийслэл Кабулыг эзэлснээс хойш 12-оос дээш насны афган эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших замыг хааж, маш олон төрлийн ажил эрхлэхийг хориглосон. Афганистанд эмэгтэйчүүд эрчүүдгүй ганцаар гадагш гарахыг хориглодог, олон нийтийн газар чанга ярихыг хориглодог байна.
Харин “Талибан” хөдөлгөөнөөс “Бид ОУЭШ-ийг хүлээн зөвшөөрдөггүй. Баривчлах зөвшөөрөл нь дайсагнасан дэлхийн бүх Ислам шашинтны сүсэг, бишрэлийг доромжилсон үйлдэл боллоо” гэж хариу мэдэгдлээ.

Хайбатулла Ахундзада 2016 онд талибуудын босогч армийн тэргүүн болсон. 2021 онд Барууны цэрэг Афганистанаас гарсны дараа шинээр байгуулагдсан Афганистаны Исламын Эмират улсын удирдагч болсон юм.