UBLife Logo
Дэлхий

Цахим луйврын шинэ аргаас ингэж хамгаалаарай

Цахим луйврын шинэ аргаас ингэж хамгаалаарай

Танд танихгүй хаягаас таны гэрийн зураг, хаягийг хавсаргасан и-мэйл ирж, дараах байдлаар заналхийлж байсан удаатай юу? 

“Нуугдах гэж бүү оролд, чи надад юу байгааг төсөөлөх ч үгүй… Би чиний гэртээ хийдэг ичмээр зүйлсийг мэднэ, бас бичиж авсан...” гэх мэт.

Бусад олон төрлийн цахим луйврын адилаар, энэ мэх таны хувийн мэдээллийг ашиглан айдас төрүүлж, мөнгө нэхэх зорилготой. Хакер танд таны талаар их зүйл мэддэг мэт харагдах замаар таныг биткойн эсвэл мөнгө шилжүүлэхгүй бол бичлэгийг тань нийтэлнэ гэж сүрдүүлдэг.

Үүнтэй холбоотойгоор APIContext компанийн бүтээгдэхүүний захирал Жэйми Бекланд HuffPost-д ярилцлага өгөхдөө:

“Надад PDF файл бүхий и-мэйл ирсэн. Дотор нь миний гэрийн зураг, хаяг байсан. Мөн хувийн амьдралтай маань холбоотой бичлэг, компьютер доторх мэдээллүүд бий гэж бичсэн. Тэгээд надаас Bitcoin-оор төлбөр нэхсэн” гэжээ.

Тэгвэл ийм төрлийн и-мэйл авбал өөрийгөө хэрхэн хамгаалаалах вэ?

Доорх зөвлөмжүүдийг хүргэж байна.

Гэрийн зургийг Google Maps-тай харьцуулж шалга

Ийм төрлийн луйврууд дүрмийн алдаатай, формат нь стандарт бус байдаг тул ихэнх тохиолдолд амархан танигддаг. Гэвч зарим шинэ төрлийн луйврууд гэрийн зураг, хаяг гэх мэт хувийн мэдээлэлтэй холбоотой зүйлс ашигладаг тул илүү сайн ажиглан, шалгах хэрэгтэй.

Валимэйл компанийн кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Ал Иверсоны хэлснээр, таны гэрийн хаягийг өмнө нь хаа нэг цахимаар хуваалцсан мэдээллийн сангаас авсан байх өндөр магадлалтай гэжээ. Ингэснээрээ тэдгээр луйварчдад Google Maps-аас гэрийн гадаад зургийг татан авч PDF файл үүсгэх боломж бүрддэг байна.

Бекланд өөрийн гэрийн Google Maps Street View-тай PDF зургийг харьцуулснаар энэ нь интернэтээс татсан зураг болохыг олж тогтоожээ. Тиймээс та ч мөн зургийг интернэтээс хуулсан эсэхийг шалгаж болох бөгөөд ингэснээр бодит эсэхийг нь тодорхойлох боломжтой.

Илгээгчийн и-мэйл хаягийг шалга

Иверсон дараах зөвлөмжийг өгчээ:

И-мэйл илгээгчийн домэйн нэр тухайн байгууллагын албан ёсны сайтад тохирч байгаа эсэхийг шалгах.

Gmail ашигладаг бол гурван цэгтэй цэс дээр дарж “Show Original” гэдгийг сонгон SPF, DKIM, DMARC-ийн үр дүнг шалга. Эдгээр нь и-мэйл илгээгчийн домэйнийг баталгаажуулж харуулдаг.

Гурвууланд нь “PASS” гэж гарвал тухайн и-мэйл найдвартай байх магадлалтай.

Ихэнх тохиолдолд ийм залилан хийж буй этгээдүүд таны и-мэйлд жинхэнээсээ нэвтрэхгүй, зүгээр л таныг айлгаж мөнгө авах зорилготой байдгийг санаарай.

Үл таних холбоос дээр дарахгүй байх

Loop8 компанийн үүсгэн байгуулагч Зариф Мегердичян ийн анхааруулжээ:

“Үл таних и-мэйлийн холбоос дээр дарахаас зайлсхий. Ялангуяа төлбөрийн холбоос байвал бүр ч аюултай. Учир нь Bitcoin, Cash App, Zelle зэрэг аргаар хийгдсэн төлбөрийг буцаах боломжгүй.”

Хэрвээ ийм төрлийн и-мэйл авсан бол банкны дансаа хянах, зөрчилтэй гүйлгээг эсэргүүцэх, картуудаа цуцлах гэх мэт арга хэмжээг авах хэрэгтэй.

Нууц үгээ шинэчил

Pvotal Technologies компанийн гүйцэтгэх захирал Яшин Манраж дараахийг зөвлөмжийн анхааруулж байна:

Шинэ и-мэйл хаяг үүсгэж, санхүүгийн болон чухал хэрэглээг тэр хаяг руу шилжүүлэх

Орон нутгийн цагдаа, FBI-д хандаж мэдээлэх

Гэр бүлийн гишүүддээ анхааруулж, олон нийтэд ичгүүртэй бичлэг нийтлэгдэх эрсдэл байж болохыг анхааруулах

Скаммер буюу луйварчинтай бүү харилц

Сэтгэл санаа тогтворгүйтэж, хариу бичмээр санагдаж болох ч хариу бичих нь таныг цаашид илүү их луйврын эрсдэлд оруулахыг санаарай. Иймд бүрэн үл тоох нь хамгийн зөв алхам.

Түүнчлэн дараах арга хэмжээг аваарай:

VPN ашиглаж, интернет холболтоо тусгаарлах

Олон нийтэд нээлттэй групп, сайт, мэдээллийн хаягуудаас тусламж хүсэхээс зайлсхийх

Виртуал дугаар, нууц үг хадгалагч зэргийг зөвхөн найдвартай сайтад ашиглах

Ирээдүйд мэдээллээ хуваалцахдаа болгоомжтой бай

Онцгойлон шаардлагагүй үед ч зарим веб сайтууд хувийн мэдээллийг тань асуух тохиолдол байдаг тул хэрэглэгчид өөрийн мэдээллээ хуваалцахдаа анхаарал болгоомжтой байх ёстой. 

Тиймээс Мегердичян дараахийг зөвлөж байна:

“Яг энэ мэдээллийг хуваалцах үнэхээр шаардлагатай юу гэж өөрөөсөө байнга асууж бай. Хэрэглэгчид мэдээллээ хамгаалахын тулд идэвхтэй, болгоомжтой байх хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж:

https://www.buzzfeed.com/                                                                                                           

Бэлтгэсэн Г.Ариунзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.