Бага залуудаа тодорсон улсын арслан Баярсайханы Орхонбаярыг аварга болно гэж хардаг, хүлээдэг хүн цөөнгүй бий. Түүний ухаалаг, төлөв даруу байдал нь ийнхүү монголчуудын хүндлэл, дэмжлэгийг харамгүй хүртэх гол шалтгаан болдог биз ээ. Бид түүний ТАВАН сайныг хуваалцаж байна.
#1. Цолондоо дүүрэн, үнэн хүчит бөх
Улсын арслан Баярсайханы Орхонбаяр 2025 он гарснаар 16 барилдаанд зодоглож бүгдэд нь шөвгөрөөд байна.
Тэрбээр 512 хүчтэн зодоглосон Өндөр гэгээний даншигт үзүүрлэж, гэнэ алдаагүй бол улсын наадамд ч түрүү булаалдах нөөцтэй байснаа элбэгхэн тунхагласан юм. Саяхан л гэхэд Э.Батмагнайг улсын арслан цолтой нь өвдөг шороодуулсан анхны хүчтэнээр тодорсон.
Хаана ч очсон цолондоо дүүрэн барилддаг үнэн хүчит эрс ховордож буй өнөө цагт Б.Орхонбаяр шиг бөхчүүд наадмын чимэг юм.

#2. Төлөв зан, дөлгөөн төрх
Ямар ч үед барьц алдахгүй, хэн нэгний урмыг хугалах илүү үг, үйлдэл, ёс суртахууны доголдол гаргадаггүй, биеэ сайхан авч явдаг нь түүнийг өө сэвгүй төгс харагдуулдаг. Барилдах нь наадмын чимэг, зан характeр нь залуу хүнд үлгэр дуурайлал юм.

#3. Бусдыг хүндлэх ухаан
Та ямар бөхийг хүндэлдэг вэ? гэх асуултад тэр “Бөхийн спортоор хичээллэж байгаа бүх сайхан залуусыг хүндэлдэг. Бөхийн буян сайхан. Тиймээс ард түмнийхээ хайр хүндлэлийг дааж явах сан гэж хичээдэг дээ” хэмээн хариулж байлаа.
Заалны барилдаанаар дэвээ, шаваагаа ёс журмынх нь дагуу гүйцэтгэчихээд аварга цолтнуудын зүг мэхийн ёсолж, хүндэлж чаддаг үнэхээр ховор сайхан бөх.

#4. Наадмын чимэг
Б.Орхонбаярын зодоглосон наадам бүхэн олны сэтгэлийг дүүргэж, баясгаж байдаг. Түүний барилдахыг харах гэж монголчууд догдолж хүлээдэг билээ. Ийм өндөр сэтгэл, хүндэтгэлийг түүн шиг хотойхгүй даах хүчтэн цөөн бий.

#5. Багшаа шүтэх ухаан
Улсын арслан Б.Орхонбаяр, аймгийн арслан Х.Наранбаяр нарын бөхчүүдийн амжилтынх нь гол хөдөлгүүр улсын харцага Т.Өсөх-Ирээдүй билээ.
Эдгээр бөхчүүд багшийнхаа үгийг сайтар сонсож, үнэнхүү шүтдэг нь олны талархлыг хүлээдэг. Тиймээс ч тэдний барилдаан цаг үргэлж сайжирч, мэх нь он улирах тутам даацтай болж байгааг харж л байна шүү дээ, өдгөө бид.
