Хятад улсад зам, барилгын салбар эрс хөгжихтэй зэрэгцээд “хадаас байшин” гэсэн шинэ нэр үүссэн. Энэ нь газарт орчхоод улсаас өгсөн мөнгийг авалгүй, газраа чөлөөлөлгүй, гүрийсэн, зөрүүд иргэдийн байшинг хэлж байгаа юм.
Хятадын Цзяньси мужид байдаг хамгийн алдартай “хадаас байшин”-д иргэд “Цзиньсигийн нүд” гэсэн нэр өгчээ. Энд хурдны зам барих гээд газар чөлөөлөх гэхэд байшингийн эзэн Хуан Пин мөнгө авахаас татгалзжээ. Хөршүүд нь бүгд нүүн одсон ч тэрээр төлбөрийн 223 мянган ам.долларыг бага байна хэмээн гүрийсээр байв. Харин тэр энэ шийдвэртээ одоо маш ихээр харамсаж байгаа нь лавтай.
Ингээд улсаас түүний газрыг авалгүй тойруулаад зам тавихаар шийдсэн юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зам ашиглалтад ороход Хуаны амьдрал там болох нь тэр. Ямар ч чимээнээс хамгаалах зүйл байхгүй тул өдөржин, шөнөжин машины дуу сонсогдоно. Тэдний гэр бүл чадах чинээгээрээ гүрийж, тэссээр байсан боловч ямар ч тэвчээрт хязгаар гэж бий.
Саяхан хүмүүс тэднийг нүүсэн болохыг олж мэдсэн байна. Хэзээ нүүсэн нь тодорхойгүй ч барилгын цонх нь хагархай, эргэн тойронд нь зэрлэг өвс ургасан байхыг олж мэдсэн байна. Орон нутгийн сэтгүүлчид гэрийн эзэнтэй холбогдоход Пин “Хөрш хотод байр хөлсөлж амьдарч байгаа” гэж хэлсэн ч хуучин байраа яах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэнгүй.
Ямар ч гэсэн улсаас энэ удаад түүнд дахин их хэмжээний мөнгө санал болгохгүй нь мэдээж.