Монгол улсын өнцөг булан бүрээс ЕБС-ийн сургуулийн 450 багш, 50 инженер мэргэжилтэн “Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдсан тайлангаа танилцуулла. Нийт 1420 багш өргөдлөө илгээснээс 500 багшийг шалгарч гурван сарын хугацаанд хиймэл оюуны хэрэглээнд суралцсан байна. Тэд наймдугаар сарын 22, 23-ны өдөр Улаанбаатар хотод ирж, сурсан мэдсэнээ өөр хоорондоо хуваалцан батламжаа гардсан юм. Уг хөтөлбөрийг “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг хэрэгжүүлэгч “AI Academy Asia” санаачлан Монгол дахь НҮБ-ийн Хүүхдийн сан болон МБанкны дэмжлэгтэйгээр эхэлжээ.
Хоёр өдөр үргэлжилсэн хаалтын ажиллагаанд төслийг санаачлагч, дэмжигч байгууллагын төлөөллүүдээс гадна технологи, хиймэл оюуны чиглэлийн тэргүүлэх судлаачид, хувийн хэвшлийн төлөөллүүд болон боловсролын салбарын шилдэг мэргэжилтнүүд ч бас илтгэл тавьж багш нартай мэдлэгээ хуваалцсан.

AI Academy Asia-г үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэ
“Үндэсний хиймэл оюун” аяныг бид энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Олон улсын хиймэл оюуны хөтөлбөрүүдийг судалсны эцэст Кембрижийн их сургуулийн багш нартай хамтран хичээлээ боловсруулсан. Өнөөдөр энэ хөтөлбөрт хамрагдсан багш нар маань сурч, мэдсэн зүйлс дээрээ сурилаад өөрсдийн төслийг эхлүүлж, хичээлээ хиймэл оюун ашиглан түргэн хугацаанд бэлтгэх боломжтой болсон гэхчлэн олон янзын үр дүн гаргаж чадсаныг харах сайхан байна. Манай улсын боловсролын хөтөлбөрт хиймэл оюуны агуулга хараахан тусгагдаагүй, ороход ч бэлэн биш байх шиг байна. Ийм цаг үед энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, бид хамтдаа тодорхой үр дүнд хүрээд байна.
Анх хөтөлбөрт маань гол төлөв мэдээлэл зүйн багш нар хамрагдах болов уу гэж байтал математик, нийгмийн ухаан, байгалийн ухаан, бага ангийн багш нар ч хамрагдан амжилттай төгссөнд сэтгэл өндөр байна.
Түүнчлэн тэрбээр “Охидын код бичих хөтөлбөр”-ийн хүрээг тэлж, хөвгүүдэд ч бас тэгш боловсрол олгох, боловсролын ялгаатай байдлыг бага ч гэсэн багасгах зам нь багш нарыг бэлтгэх хэмээн зорьж хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрийг анх санаачлах болсноо онцолж байв. Зохион байгуулагчдын зүгээс 250 багшаар дамжуулан 10 мянган хүүхдэд хиймэл оюуны боловсрол олгоно гэсэн тооцоолол гаргаад байгаа аж.

Энэ арга хэмжээний үеэр Боловсролын сайд П.Наранбаяр хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрийг модуль сургалтын хөтөлбөр болгож, багш нарт кредит цаг тооцдог болгоно гэдгийг зарлалаа.

Б. Батдулам - Мэдээлэл зүй, математикийн багш
Сошиал медиагаас энэ хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын зарлалыг хараад анх хүсэлтээ явуулж, хөтөлбөртөө хамрагдсан. Хичээлийн хөтөлбөрт багш нарын заавал ч үгүй мэдэх ёстой хиймэл оюуны талаарх үндсэн ойлголтууд, сурах ёстой зүйлсийг мөн практик дадлагуудыг багтааж өгсөн нь сайшаалтай санагдлаа. Хөтөлбөр дуусахад маш олон зүйлсийг сурсан байна. Мэргэжлийн багшийн хувьд өөрийн чадварыг дээшлүүлж чадсан, үр дүнтэй хөтөлбөр байлаа гэж үзэж байна. Шинэ хичээлийн жилээс сурагчдадаа болоод өөрийнхөө хичээл сургалтын ажилд хиймэл оюуны хэрэгслүүдийг нэвтрүүлэх болно.

П.Солонго- Өмнөговь аймаг, Ханбогд сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн Англи хэлний багш
Хөтөлбөрийн маань нэр буюу “Хиймэл оюун ухааны сургагч багш бэлтгэх хөтөлбөр” гэдгийг хараад л сонирхол төрсөн. Ер нь шинэ үеийн багш хиймэл оюун ашиглаж чаддаг байх нь зүйтэй гэж бодсон л доо. Үнэ төлбөргүй сургалт байсан болохоор шууд л олзуурхан бүртгүүлсэн. Сургалтын хугацаанд тулгарсан бэрхшээлүүд ч байлаа, олж мэдсэн зүйлс ч олон байлаа. Програмчлалын талаарх суурь мэдлэг байхгүй болохоор зарим тохиолдолд ойлгохгүй зүйлс гарсан. Гэхдээ тухайн үе бүрд багш маань маш энгийн үгээр агуулгыг нь тайлбарлаж байсан болохоор бууж өгөлгүй суралцсаар хөтөлбөрөө амжилттай дуусгалаа. Өдөр тутамдаа ашиглах боломжтой хиймэл оюуны хэрэгслүүдийг санал болгоод, хичээлийн хугацаанд дадлага хийсэн нь энэ сургалтын маш том давуу талуудын нэг байлаа.
Арга хэмжээний оролцогчдын сэтгэгдэл
Хиймэл оюун ухаан бол өнөөгийн боловсролын системд заавал ч үгүй орох ёстой агуулга. Дэлхийн бусад орнуудад бага ангиас хиймэл оюун ухааны хөтөлбөрийг нэвтрүүлэх болсон байна. Хиймэл оюуны хэрэгцээ Монгол Улсад ч бий болсон байна. Үүн дээр түшиглээд багшид хиймэл оюун ухааны мэдлэгийг олгож байгаа нь тун зөв санаа гэж бодож байна. Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхэд өдрийн 80% орчмыг багштайгаа өнгөрөөдөг шүү дээ. Энэ ч утгаараа сурагч хүүхдүүд маань цаашид хөгжих нь гарцаагүй. Багш нар маань 3 сарын хугацаанд нэлээдгүй хөлс, хүч гаргасныг өнөөдөр тэдний танилцуулж байгаа төслүүдээс харагдаж байна.


Багш нар энэ үеэр "Гамшгаас хамгаалах цахим сургалтын сайт", "Анги удирдсан багшийн туслах сайт", "Хиймэл оюуны хэрэгслүүд санал болгох сайт" гэх мэт 15 сонирхолтой төслийг танилцууллаа. Тэр дундаа "IELTS шалгалтын ярианы хэсэгт бэлдэх сайт" анхаарал татахгүй байх аргагүй. Тус сайт нь шалгалтад бэлдэж байгаа сурагчаас IELTS шалгалтын жишиг асуултуудыг асууж, сурагчийн хариулт яриан дээр үндэслэн зөвлөгөө өгөх бөгөөд өөрийн ахицыг тэмдэглэж явах боломжтой. Үүнээс гадна мэдэхгүй зүйлээ асууж болох хиймэл оюуны чатбот хэсэг хүртэл багтсан байлаа.
“Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөр” нь цааш үргэлжлэх бөгөөд таван жилийн хугацаанд нийт 2250 багш бэлтгэх зорилготой аж.
Бэлтгэсэн Ү.Дэлгэрцэцэг