Английн алдарт зохиолч Жэйн Остиний мэндэлсний 250 жилийн ойг тохиолдуулан түүний зохиолын ертөнцөд зориулсан томоохон фестиваль Бат хотод амжилттай болж өнгөрлөө. Арга хэмжээ есдүгээр сарын 12-ноос 21-ний өдрүүдэд үргэлжилж, дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган сонирхогчдыг татсан байна.


Фестивалийн үеэр Жэйн Остиний зохиолын баатруудын амьдрал өрнөсөн Regency үеийн бүжиг, парад, лекц, уншлагын уулзалт, мөн зохиолчийн амьдрал, уран бүтээлийг харуулсан үзэсгэлэн, хөтөлбөрүүд зохион байгуулагджээ. Оролцогчид тухайн үеийн уламжлалт хувцсаар гоёж, түүний романы уур амьсгалыг мэдрэх боломжтой байв.



Жил бүр зохион байгуулагддаг уг фестиваль энэ удаа зохиолчийн 250 жилийн ойтой давхцсан онцгой үйл явдал болж, илүү өргөн хүрээтэйгээр тэмдэглэгдсэн нь онцлог байлаа. Арга хэмжээний хүрээнд Pride and Prejudice, Sense and Sensibility, Emma зэрэг сонгодог бүтээлүүдийн тухай шинэ судалгааг танилцуулж, зохиолын орчин үеийн уншигчдад өгч буй үнэ цэн, нөлөөг хэлэлцсэн нь олны анхаарлыг татжээ.


Жэйн Остин нь 1775 онд төрж, Английн нийгмийн харилцаа, гэр бүлийн ёс жаяг, хайрын тухай цогц дүрслэл бүхий бүтээлүүдээрээ дэлхий даяар нэрд гарсан зохиолч юм. Түүний бүтээлүүд өнөөдөр ч уншигчдын сэтгэлийг татсаар байгаа бөгөөд 250 жилийн ой нь Остиний зохиолын мөнхийн үнэ цэнийг дахин баталлаа.





