Японы сүмо бөхийн холбооноос Нишёоносэки ояката буюу ёкозүна асан Кисэносатод хатуу сануулга өглөө. Тус дэвжээний үсчин Токони өөр дэвжээний 16 настай үсчнийг айлган, сүрдүүлж, мөнгө авдаг байсан нь илэрсэн байна. Өнгөрсөн жилээс эхлэн “татвар” хураадаг болж, нийт 700 мянган иэнийн хохирол учруулжээ.

Кисэносато энэ талаар мэдээд дэвжээнийхээ үсчнийг хохирлыг нь барагдуулахыг үүрэг болгоод хэргийг нуун дарах гэж оролдсон байна. Гэвч хэрэг илэрч, Холбооны Сахилга бат хариуцсан хороо хэргийг хэлэлцэж, Токониг ажлаас нь халсан байна. Харин дэвжээгээ удирдаж чадаагүй хэмээн Нишёоносэки оякатад хатуу сануулга өгчээ. Энэ бол Кисэносатогийн нуухыг завдсан хоёр дахь хэрэг. Эхний хэрэг дээр түүнд ямар ч шийтгэл оноогоогүй бөгөөд зарим ояката “Хакүхогийн дэвжээг хураасантай тэнцэх том явдал” гэж нэрлэж байлаа. Гэвч тэр үед Сүмо холбоо Кисэносатог өршөөгөөд өнгөрсөн юм. Хэргийг сануулахад “Shūkan Shinchō” сэтгүүл энэ талаар анх бичсэн.
Нишёоносэки дэвжээнээс нэгэн бичлэг алдагдаж, шар хэвлэлүүдийн гарт очсон байлаа. Насанд хүрээгүй залуу бөхийг согтоож, ахмад бөхчүүд нь эмх замбараагүй байдал үүйсгэж, наргиж байгаа бичлэг байлаа.

Өнгөрсөн оны Намрын тэмцээнд озэки цолны болзол хангасан Ооносато. Удахгүй монгол бөхчүүдийг дарах япон ёкозүна гэгдэж, итгэл найдвар хүлээж байсан үе. Гэвч тэр үед холбооны ояката анрын дунд нөгөөх бичлэг гар дамжин, шуугиан тарьж байлаа.

2022 оны Кюүшюү башё явагдаж байх үеийн бичлэг. Дэвжээндээ наргиж суугаа 10 бөх. Бүгд Нишёоносэки дэвжээнийх. Шалдан хашгарах сүмоч, шинэ залуу бөхийн арагш нь архины шил чихэх ахмад бөх, өвдөн чарлах залуу бөх, энэ бүхнийг хараад инээн хөхрөх бөхчүүд.

Ийм л дүр зураг тэр бичлэгт гарсан юм. Тэр үед насанд хүрээгүй байсан жонидан зиндааны бөх Такасэйдогийн аманд архи цутгах жюүрёо зиндааны Котоказэ (дараа нь өөр дэвжээнд шилжсэн), мөн л насанд хүрээгүй ч архидан суугаа үсчин залуу. Сүмогийн эрчүүдийн ертөнцөд ч байхааргүй зэрлэг уулт болж байлаа.

Нишёоносэки ояката энэ хэргийг дарж өнгөрөөх гэж оролдоод сэтгүүлчдэд баригдсан. Зарим ояката энэ хэргийг Миягино дэвжээний Хокүсэйхогийн хэрэгтэй харьцуулаад адилхан дэвжээг нь хураах нь зөв гэж байлаа. Гэвч япончууд Кисэносатог ирээдүйн холбооны тэргүүн гэж үзэж байгаа болохоор эрхлүүлээд өнгөрөөсөн билээ.
