Японы сагсан бөмбөгийн “Сэндай 89ERS” баг өнгөрсөн жил тус багт тоглосон Ишибаши Юүмаг Монголын Дээд лигт шилжсэнийг албан ёсоор зарлалаа. Юүма манай “Завхан Brothers” багт тоглох болжээ. Тэрээр “Хасын хүлгүүд” багийн Игари Ватарү, “Дархан Юнайтед” багийн Масахарү Катаока нарын дараах Дээд лигийн гурав дахь япон тоглогч болж байгаа юм.
Ишибаши Юүма нь Фүкүока мужийн уугуул. 25 настай, 190 см өндөр, 85 кг жинтэй. Тоокай их сургуульд байхдаа “Rizing Zephyr Fukuoka” багт элссэн. Хоёр жил тоглоод “Kumamoto Volters” багт очиж, өнгөрсөн жилээс “Сэндай 89ERS”-т нэгдээд байв. “Сэндай”-д 25 тоглолтод оролцохдоо дунджаар 6,22 минут талбайд өнгөрөөж, 1,3 оноо, 0,2 дамжуулалт дунджилжээ. 20 хүртэлх насны Японы шигшээ багт дуудагдаж байсан.

Яагаад Монголын лигт хүч сорих болсон талаараа Юүма “Монголын багаас урилга хүлээн аваад амьдралд минь ахин олдохгүй боломж гэдгийг мэдэрсэн. Анх удаагаа гадаадын багт тоглох болоод бага зэрэг сандарч байсан ч багтайгаа нийлээд, уур амьсгал сайхан байна” гэж ярьсан байна. Мөн ноднин жил нэг багт хамт тоглосон Масахарү Катаокатай хамт гадаадад тоглохдоо их баяртай байна гэжээ.
Ишибаши Юүма Сэндай багийн фэнүүддээ хандан “Өнгөрсөн улирал бодсоноор болж өгөөгүй, тун хүнд улирал боллоо. Ийм хүнд үед ч үргэлж дэмжиж байсан та бүхэнд талархаж байна. Багахан хугацаанд хамт байсан ч миний хувьд том туршлага болж өглөө. Баярлалаа” хэмээн салах ёслол гүйцэтгэсэн байна.