Бөхийн өргөөнөө аравдугаар сарын 5-ны өдөр ахмад бөхчүүдийн барилдаан гурван насны ангиллаар болов.
Мөнхүү барилдааны 55-аас дээш насны ангилалд 32 бөх зодоглосноос Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын заан Дамирангийн Бумбаяр түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, аймгийн арслан Чойжилын Эрдэнэчулуун үзүүрлэлээ.
Их шөвөгт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, улсын харцага Н.Саранцогт, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Ё.Эрдэнэбат нар шалгарсан.

Дунд буюу 50-54 насны ангилалд 40 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, улсын өсөх идэр начин Мижиддоржийн Жамъянпүрэв түрүүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, улсын начин Дондогийн Цогзолдорж үзүүрлэв.
Харин гуравт Тува улсын бөх Монгуш Орлан шалгарсан бол тавд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын начин Ц.Цогтжаргал, Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, аймгийн заан Б.Батгэрэл нар тунаж үлдлээ.

Түүнчлэн 45-49 насны ангилалд хамгийн олон буюу 48 бөх барилдсанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан Дашзэвэгийн Баасандорж түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Шүхэрийн Уламбаяр үзүүрлэсэн.
Гуравт Увс аймгийн Сагил сумын харьяат, улсын начин Б.Насандэлгэр шалгарсан бол зургаад улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, улсын начин Б.Сумъяа, аймгийн хурц, бадрангуй арслан О.Баярхүү нар шалгарлаа.
