Райан Мерфи болон Иан Бреннан нарын бүтээл “Monster” цувралын дөрөвдүгээр бүлгийн зураг авалт Лос Анжелес хотод эхэлжээ. Шинэ бүлэгт Лиззи Борден гэх америк эмэгтэйн түүхийг өгүүлэх аж. Тэрээр 1892 онд өөрийн эцэг, хойд эхийгээ сүх ашиглан хэрцгийгээр хороосон хэрэгт буруутгагдсан ч цагаатгагдаж байжээ. Цагаатгагдсаныхаа дараа тэрээр Фал Ривер хотод амьдарч, 60 гаруй насандаа уушгины хорт хавдраар нас барсан.

Дөрөвдүгээр улирлын гол дүрд жүжигчин Элла Битти тоглоно. Тэрээр энэ онд нээлтээ хийсэн “If I Had Legs I’d Kick You” киногоороо үзэгчдэд танигдаад байгаа шинэхэн жүжигчин билээ.

Цувралын амжилтуудаас дурдвал:

“Monster” цуврал гарсан цагаасаа хойш олон амжилтыг гаргасан. Эхний бүлэг “Monster: Jeffrey Dahmer Story” нь нээлтээ хийсэн эхний 60 хоногт нэг тэрбум цаг үзэлтийг авч "Netflix"-ийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй цувралуудын нэг болсон. Мөн Английн бүх цаг үеийн шилдэг арван телевизийн цувралын дөрөвдүгээр байрт жагсаж байна.
Хоёрдугаар бүлэг болох “Monsters: The Erik and Lyle Menendez Story” нь дутахааргүй амжилтыг үзүүлж, 2025 оны 77 дахь "Primetime Emmy Awards"-д 11 номинацид нэр дэвшсэн.
Энэ онд нээлтээ хийгээд буй гуравдугаар бүлэг болох “Monster: The Ed Gein Story” нь нээлтээ хийсэн эхний гурван долоо хоногтоо 12.2 сая үзэлтийг авч 11 оронд үзэлтээрээ тэргүүлж байна.
Одоогоор цувралын дөрөвдүгээр бүлгийн нээлтээ хийх хугацааг албан ёсоор зарлаагүй байна.