Стриймингийн үйлчилгээний “шарк“ Netflix компани NASA-гийн Artemis II хөтөлбөрийн хүрээнд явагдах сарны ойролцоох нислэгийг (lunar flyby) шууд дамжуулахаа албан ёсоор зарлалаа.
Хэзээ үзэж болох вэ?
Сарны татах хүчний бүсэд орох:
→ 2026 оны 4-р сарын 6-ны 12:41 (EDT)
→ Монголын цагаар: 4-р сарын 7-ны шөнийн 00:41
Монголын үзэгчид шөнө 00:40 орчимд шууд дамжуулалтыг үзэх боломжтой болох нь.
Мөн уг нислэгийг зөвхөн Netflix платформоос гадна YouTube дээрх NASA-ийн албан ёсны сувгаар шууд үзэх боломжтой гэнэ.

Artemis II нь 1972 оны Apollo 17-оос хойш сар руу чиглэсэн анхны хүнтэй нислэг гэдгээрээ онцлог.
Энэхүү нислэг нь ирээдүйд саран дээр бааз байгуулах зорилготой Artemis хөтөлбөрийн чухал алхам болоод байгаа билээ.
Тус төслийн хүрээнд;
2022 он Artemis I - Нисгэгчгүй туршилт.
2026 оны 4 сар Artemis II - Сарыг тойрон ниснэ.
2027 он Artemis III - Дараагийн туршилт
2028 он Artemis IV - Саран дээр газардана.
Нислэгийн багийн гишүүдийн хувьд Рид Уайзман, Виктор Гловер, Кристина Кук, Жереми Хансен нар багтсан билээ.

Хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдвал эдгээр сансрын нисэгчид дэлхийгээс хамгийн хол очсон хүмүүс болон түүхэнд нэрээ мөнхлөх боломжтой болох аж.
Нислэгийн багийн буцаж ирэх хугацаа:
Тэд 2026 оны 4-р сарын 11-нд дэлхийд буцаж ирэх төлөвлөгөөтэй байна.
Netflix-ийн энэхүү шууд дамжуулалт нь сансар судлалын түүхэн мөчийг дэлхий даяар илүү хүртээмжтэй болгож байгаа онцгой үйл явдал гэдгээрээ ихээхэн анхаарал татаж байна. Монголын үзэгчид ч гэсэн гэр гэрээсээ үзэж, энэхүү сар руу чиглэсэн томоохон үйл явдлын гэрч болох боломжтой болох нь.

