UBLife Logo
Дэлхий

“Lululemon” брэнд юуны учир хятадуудаас хүлцэл өчив?

“Lululemon” брэнд юуны учир хятадуудаас хүлцэл өчив?

Спорт хувцасны “Lululemon” брэнд хятадуудаас уучлал гуйж, гүн хүлцэл өчжээ. Тэдний нэгэн үйлдэл БНХАУ-ын олон нийтийн сүлжээнд тун том шуугиан тарьж, маргаан үүсгэсэн юм.

Тус брэнд тавдугаар сарын сүүлээр Цагаан хэрмийн дэргэд иогийн наадам зохион байгуулсан. 2000 хүн оролцсон тус наадмыг “Хятадын соёл, эрүүл амьдрах хэв маягийн баяр” сэдэв доор зохион байгуулсан юм. Уригдсан зочдын дунд Хятадын жүжигчин Чжу Илун байлаа. Тэрээр уламжлалт хятад хөгжмийн бөмбөрийн хамтлагтай нийлж, тоглоод зургаа Weibo сүлжээнд тавьсан байлаа. Энэ зураг шуугианы эхлэлийг тавьсан юм.

Хүмүүс зураг дээр Хятадын дагу бөмбөр биш Японы тайко байгааг маш хурдан олж харсан. “Global Times”-д бичсэнээр энэ асуудлын талаар 50 сая хүн хэлэлцэж, сэтгэгдэл бичсэн байсан гэхээр үнэхээр бүтэн улс орныг эгдүүцүүлсэн явдал байлаа. Жүжигчин Чжу Илуны агентлаг “Lululemon” брэндээс албан ёсны тайлбар хийхийг шаардсан байна.

Асуудал хурцадсан тул “Lululemon” брэнд Weibo-д хүлцэл өчсөн албан ёсны мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Хятадын соёлд зориулсан баяраар бид мэргэжлийн алдаа гаргалаа. Зохион байгуулагчдын эрдэм мэдлэгийн хомс байдал, мэдээлэл дутуу байсны улмаас асуудлыг өмнө нь илрүүлж чадсангүй. Цаашдаа манай брэнд ийм алдаа гаргахгүй, алга хэмжээ болгоны өмнө маш сайн судалгаа явуулж байх болно. Бидэнд том сургамж боллоо” гэж дурдаад иогийн наадмын бөмбөртэй хэсгийн зураг, бичлэгийг устгаснаа илтгэжээ.

Тэрбум хүнтэй Хятадын зах зээлд нэвтрэх гэсэн Барууны брэндүүд ийм асуудалтай олон тулгарч байгаа. Өнгөрсөн жил “Arc’teryx” брэнд Түвдийн Хималай нурууны дэргэд салют буудуулаад байгаль орчин бохирдуулсан хэрэгт унасан бол 2018 онд “Dolce & Gabbana” итали хоолыг савхаар идэж байгаа ази моделийн бичлэг гаргаад арьс өнгөөр ялгаварласан гэгдэж байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Францын загварын “Lemaire” брэнд анхилуун үнэртний бүтээгдэхүүн гаргасан нь Манжийн дарлалын үеийн ядуу иргэдийн гэзэгтэй төстэй байна гэж шүүмжлүүлж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...