UBLife Logo
Дэлхий

БНСУ Украинаас уучлал гуйхыг шаардлаа

БНСУ Украинаас уучлал гуйхыг шаардлаа

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Украин улсад хандан, Хойд Солонгосын олзны цэргийн талаарх мэдээллийг задалсандаа албан ёсоор уучлал гуйхыг шаардлаа. Өмнөдийн Засгийн газраас Украинд олзлогдсон хоёр Хойд Солонгосын цэргийг шилжүүлэн авсан мэдээллийг нууцлахаар Украины талтай тохиролцсон байсан боловч Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын чуулган дээр үг хэлэхдээ илчилж орхисон байна. Мөн энэ мэдээллийг нууцлахаар тохиролцсон байсан баримтыг үгүйсгэсэн нь БНСУ-ын дургүйцлийг төрүүлсэн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлэлд “Украины тал мэдээллийг дангаараа задалж, нууцыг хадгалах гэрээ байгаагүй гэсэн худал мэдээлэл цацсанд гүнээ харамсаж байна. Хэрэв шаардлага гарвал бид нэмэлт арга хэмжээ авахад бэлэн байна. Украины тал олзлогдсон Хойд Солонгосын цэргүүдийг хүлээн авахыг биднээс маш олон шугамаар хүссэн. Гэхдээ энэ мэдээллийг нууцлах хэрэгтэй байна гэж Украины тал өөрсдөө гуйсан билээ. Учир нь Хойд Солонгосын олзны цэргээр украин олзлогдсон цэргээ солилгүй, Өмнөд Солонгост шилжүүлэн өгсөн нь Украинд маш их шүүмжлэл гарах үндэс болно гэж тайлбарлаж байлаа. Манай тал олзны цэргүүдийн гэр бүлийн аюулгүй байдлыг хангах үүднээс нууцыг хадгалахыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын чуулган дээр үг хэлэхдээ бидэнтэй зөвшилгүй олзны цэргүүдийг БНСУ-д хүлээлгэн өгсөн гэж мэдэгдлээ. Дараа нь бидэнтэй нууц хадгалах гэрээ хийснээ эрс үгүйсгэсэн. Энэ явдал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд маш хүнд цохилт боллоо” гэж дурджээ.  

Мөн “Хойд Солонгосын олзны цэргийг шилжүүлэн авсан нь Солонгосын хагас арлын байдал, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх том асуудал юм. Өөрийгөө сурталчлах зорилгоор энэ асуудлыг дэлгэн тавьсан тэр хүн хоёр Солонгосын харилцаа, үндэсний ашиг сонирхол, хүний амь насыг ч үл тоомсорлосон сэжигтэй хүн байна. Албан ёсоор уучлал гуйхыг хатуу шаардаж байна” гэсэн байлаа.

Харин Украины тал нууц хадгалах гэрээ байгуулсан мэдээллийг эрс няцааж, олзлогдсон хоёр цэрэг өөрсдөө Өмнөд Солонгост очих хүсэлт гаргасан гэжээ.    

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...