“FlyDubai” компанийн Дубай — Тель-Авив чиглэлийн онгоцонд есдүгээр сарын 30-нд болсон явдал дэлхий нийтийг шуугиулаад байна. Тус нислэгийн "Boeing 737” онгоц гэнэт ослын дохио (код 7700), дараа нь онгоц барьцаалагдсан дохио (код 7500) өгөөд гэнэт радараас алга болсон байна. Тус нислэгээр 174 зорчигч үйлчлүүлж байжээ.
Онгоц минутын дотор 4500 метр доошлоод Тель-Авив хотод дөхөж ирсэн ч чиглэлээ огцом өөрчлөөд холдсон байна. Израилын агаарын хүчин сөнөөгч онгоц хөөргөн, "Boeing 737”-ийг тогтоохыг оролдсон байна.
“The Times of Israel” сонинд бичсэнээр хоёр нисгэгч кабин дотроо зодолдож, зорчигчид тэднийг салгаж, онгоцоо аварсан гэнэ.
Онгоц гэнэт доошилж, нисгэгчдийн кабинаас зодолдох чимээ гарсан тул зорчигчид хаалгыг онгойлгохыг оролджээ. Арай ядан онгойлгоод ортол нэг нисгэгч хутгалуулаад газар унасан, нөгөөх нь онгоцны жолоодлогыг эвдэх гэж оролдож байсан байна. Зорчигчид тус нисгэгчийг барьж аван, өөрсдийн хүчээр Саудын Арабын нутагт онгоцоо газардуулжээ.

Зарим хэвлэлд гарснаар хутгатай байсан нисгэгч онгоцыг барьцаалахыг завдсан, эсвэл амиа хорлох гэж байсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хутгалуулсан нисгэгч амиа алдсан бөгөөд АНЭУ-ын иргэн. Харин халдлага үйлдсэн нисгэгч Оманы иргэн байсан байна.
Нисгэгчийг барьж, халдлагыг зогсоосон Израилын иргэн Янив Хаюныг Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хүлээн авч уулзан, “Баатар” хэмээн нэрлэсэн байна.
