UBLife Logo
Спорт

Т.Болортуул: Тэвчээртэй байж л боксын спортод тэсэж үлдэнэ. Би бууж өгөөгүй

Т.Болортуул: Тэвчээртэй байж л боксын спортод тэсэж үлдэнэ. Би бууж өгөөгүй

Зарим ялалт хувь заяаг орвонгоор нь өөрчилдөг. Гэр бүлийнхэндээ дуулгалгүй боксоор хичээллэж эхэлсэн охин анхныхаа тэмцээнд орох болоход сая гарцаагүй аав, ээжид нь мэдээ хүрчээ. Эмэгтэй хүүхэд тулаант спортоор хичээллэх нь эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй учраас үрээ гэх эцэг эхийн сэтгэлтэй зөрчилдөх нь ч гарцаагүй болов.

Багад дугуйлангийн маань сарын төлбөр гурван мянган төгрөг байсан. Аав, ээж ном, пирожки аваарай гэж мөнгө өгдөг байв. Тэр мөнгийг нь харин би төлбөртөө өгчихнө. Анх оролцсон маань Улаанбаатар хотын АШТ байсан юм. Гэтэл тэмцээний өмнө гэрийнхэн намайг боксоор хичээллэдгийг мэдчихээд “Наад тэмцээнээсээ алтан медаль авахгүй бол бокс тоглохоо бүрмөсөн болиорой. Эмэгтэй хүүхэд толгой, тархи руугаа цохиулж байхаар эрүүл мэндээ бодсон нь дээр шүү. Яахав, алтан медаль авбал үргэлжлүүлэн хичээллэж болох юм” гэсэн болзол тулгасан” хэмээн Армийн дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй боксчин Төмөрхуягийн Болортуул яриагаа эхлүүлэв.

Энэ тэмцээн түүний хожмоо ялсан олон тулаануудтай харьцуулахад чансаагаараа тийм ч өндөр биш. Гэхдээ энэ ялалт түүний хувь тавиланг бүрмөсөн бокстой холбосон юм. Т.Болортуул болзол ёсоор Улаанбаатар хотын АШТ-ий ринг дэх бүх тулаандаа ялж, алтан медаль авсан нь хожмын олон амжилт руу зүтгэх их замын эхэн байлаа. Удалгүй хувийн амжилт нь өсөж, аяндаа боксын дугуйлан нь түүнээс төлбөр авахаа больжээ.

Б.Болортуулыг боксоор хичээллэж эхлэх үед Монголоос эмэгтэй тамирчин Азийн АШТ-д түрүүлнэ гэдэг зүүд шиг л алсад байж. Түүгээр ч үл барам, эмэгтэй хүүхэд тулааны спортоор хичээллэх нь жендэрийн хэвшмэл хандлагын үүднээс тулгарах хориг ихтэй, амаргүй зүйл байсан юм. 

Унтаа, уйтгартай, эсвэл нэг хэвийн үгс Т.Болортуулыг хэзээ ч төлөөлж дүйхгүй. Тэр ч байтугай “Уянгын дуунд дургүй, үргэлж эрч хүчтэй хөгжим сонсдог” гэхээр хэн ч мөнхийн эрч хүчтэй амьдралын хэмнэл төсөөлөх биз ээ. Түүний үг ил атлаа цагаахан бөгөөд энэ нь буй хүнийх нь тусгал мэт.

Т.Болортуул одоогоор Улсын АШТ-д есөн удаа түрүүлээд буй юм. “Тэвчээртэй байж л боксын спортод тэсэж үлдэнэ. Би бууж өгөөгүй. Яагаад энэ олон жил хичээллэчихээд бууж өгнө гэж? Бэлтгэлдээ ч дайчин, эрэмгий ханддаг. Амьдрал дээрээ ч ялгаагүй, ийм л байдаг” хэмээн тэрээр ярив.

Энэ даруйд түүний бэлтгэлийн тухайд лавшруулан асуухад “Олон жил спортоор хичээллэхээр бэлтгэл ончтой байгаа эсэхийг бие маань мэдэрчихдэг юм байна. Өөртөө сэтгэл дундуур үедээ “Жаахан гүйчихмээр, амьсгаагаа задалчихмаар байна” гээд багштайгаа ярилцана л даа. Би ер нь өөрийгөө чамлаад хэтэрхий их чармайсаар бэлтгэлээ давуулчих гээд байдаг юм. Багш бэлтгэлээ дуусга гэж хэлсээр атал дасгалуудаа үргэлжлүүлсээр л байх үе олонтоо. “Яасан их илүү зүйл хийдэг юм, одоо боль”. Ингээд багшдаа загнуулж сая зогсоно шүү дээ. Харин бэлтгэл ханах нь андашгүй. Ядрах цуцах мэдрэмж алга болоод байнгын ажилламаар санагдаад эхэлдэг. Тэр үед зан ааш ч сайхан болчихно шүү дээ. Би хэсэг хугацаанд гийртэй дасгал хийдэг байсан. Эхэндээ 10 кг-ын гийрийг өргөж байгаад шунаж ахиулсаар 24 кг-ыг өргөдөг боллоо. Тэгтэл нуруу маань өвдөөд бэлтгэлээ ч хийж чадахаа болив. Гийрийг нэг өргөхдөө газарт тавихгүйгээр бараг л цагийн турш янз бүрийн дасгал хийдэг юм. “Газарт буулгах л юм бол чи ялагдана шүү, Болороо” гээд л өөртөө хатуурхана. Гарын арьс ховхроод, цус нь асгарчихдаг. Байнга л өмхий тос тавьж гараа боодог байсан даа. Эмэгтэй тамирчид 16 кг-ыг өргөхөд л болох юм билээ. Эрэгтэй хүмүүс арайчүү өргөж байхад, 24 кг-ыг хүчлээд өргөсөн нь нурууг маань өвтгөж, бүр эмчилгээ хийлгэхэд хүрсэн” гэв.

Тулааны үеэр гоё сайхан харагдах нь түүнд хэр чухлыг мэдэх хүсэл төрсөнд тэсэлгүй асуучихав. “Нүд хөхөрчихсөн явах үе ч зөндөө л байсан. Бэлтгэлээ л сайн хийж байвал сайхан, муухай харагдах нь хамаагүй шүү дээ (инээв)”.

Түүний нөхрийг Х.Энх-Амар гэдэг. Боксын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Улсын АШТ-д долоо, насанд хүрэгчдийн Улсын АШТ-д есөн удаа түрүүлсэн Монголын шилдэг тамирчдын нэг билээ. Тэд хоёулаа дотоодын рингэнд ялагдашгүй, олон улсын томоохон тэмцээнүүдээс ч удаа дараа медаль хүртэж байсан юм.

Нөхөр маань дотооддоо олон жил дийлдэшгүй байлаа шүү дээ. Би ч ялна гэдэгт нь үргэлж итгэдэг. “Чи түрүүлэх нь тодорхой” гэнэ, тэгээд тэмцээн дуусахад алтан медаль зүүгээд л зогсож байдаг. Нөхөр болон нөхрийнхөө дүүтэй 2016 оноос хойш олон тэмцээнд хамт явлаа. Сүүлд Армийн дэлхийн АШТ-д оролцоод нөхөр бид хоёр мөнгө, дүү хүрэл медаль авсан. Нэг нь рингэн дээр гарахад бусад нь догдлоод бараг л хамт тулалддаг юм.Тэмцээн эхэлсэн үед тэнгэр, бурхандаа сүү цагаан идээгээ өргөж байхдаа хүртэл бүгдийг нь хамруулж даатгаад дотроо залбирдаг”.

Спортын төлөө хамаг амьдрал, цаг хугацаагаа зарцуулж зүтгэсэн ч яг карьер нь дуусахад тухайн хүн сургууль төгсөөгүй байвал ямар ч ажил олдохгүй. Тэгэхээр тамирчин байх хугацаандаа л өөрийгөө давхар сайн хөгжүүлж байх хэрэгтэй. Санхүүгийнхээ баталгааг олох нь бас чухал юм

Т.Болортуул энэ оны дөрөвдүгээр сараас хойш бэлтгэл сургуулилалтаа түр зогсоогоод байна. Эднийх хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаа нь энэ аж. Харин төрснийхөө дараа үргэлжлүүлэн тоглох эсэхээ хараахан шийдээгүй байгаа ч, зориг эрмэлзэл байвал тоглоно гэлээ.

Өөрөөсөө түрүүнд нөхрөө л олимп, дэлхийн медальтан болгохыг хүсдэг. Тэмцээнд явахад нь “Бэлтгэл сургуулилалтаа болгоомжтой, сайн хийгээрэй” гээд араас нь залбираад л үлдэнэ дээ. Ийш тийш явчихаар нь сэтгэл хоосорчихдог юм. Гэхдээ л зорилготой, амжилтын төлөө зүтгэж байгааг нь мэддэг учраас нөхрөө сайн ойлгодог. Ойлгохгүй араас нь чаргууцалдаад байвал сэтгэлийн дарамттай шүү дээ”.

Т.Болортуул том хүүгээ 2016 онд төрүүлжээ. Тэр үед бэлтгэлээ хийх хүсэл эрмэлзэл нь ид дүрэлзэж байсан болохоор төрөөд сарын дараагаас л бэлтгэлдээ буцаад орчихсон аж. Харин удалгүй “Чингис кап” тэмцээнд орохдоо Энэтхэгийн тамирчинд ялагдчихжээ. Гэсэн ч дараагийн тэмцээнүүдэд түүний амжилт ахисаар, Үндэсний шигшээ багт эргэн дуудагдав.

Хөхүүл байхад амархан ядарна, үс ч халцардаг. Гэхдээ би ер нь аливаад махруу зантай. Тэр үед Хөх хот руу 14 хоногийн хамтарсан бэлтгэлд явчихаад иртэл хүү маань хөхнөөсөө гарчихсан байсан. Хүүхдээ хөхнөөс нь гаргачихаар илт сэргэдэг юм билээ. Тэр үед хадам аав, ээж маань хүүг харж өгдөг байсан нь маш их тус болсон. Тэгж л бэлтгэл сургуулилалтаа сайн базааж, олон амжилт гаргасан даа”.

Тэрээр боксын шигшээ багийн дасгалжуулалтын арга барилд шүүмжлэлтэй ханддагаа нуусангүй. Нэг хэвийн уйтгартай дасгалуудыг залхтал давтуулдаг байдлаа өөрчлөөсэй гэж хүсдэг тухай ярив. Үргэлжлүүлээд “Үндэсний шигшээ багт нөөц тамирчин байдаггүй. Хүнд жинд л гэхэд өрсөлдөгч алга. Гэтэл сонгогдсон ганц тамирчин нь бэртвэл яах вэ? Орлох хэд хэдэн нөөц тамирчин байх ёстой шүү дээ, уг нь” гэлээ.

Мөн гуравдугаар сард зохиогдсон Улсын АШТ-ээс Т.Болортуул мөнгөн медаль авсан юм. “Сонин л санагдаж байна лээ. Хүүхдээ төрүүлснээс хойш байнга л түрүүлчихээд медалийн тавцанд зогсдог байсан шүү дээ. Боксын холбоо залуу тамирчдыг дэмжих бодлогыг баримталдаг бололтой. Нас маань 30 гарчихсан болохоор надтай тулалдсан залуу тамирчныг шүүлтийн хувьд илт дэмжсэн гэж боддог”.

Мөн тэрээр өдрийн тэмдэглэл хөтөлдөг аж. Түүндээ “Өглөө босохдоо бие организм ямар байна, тухайн өдрийн бэлтгэл, хоол ундны талаар, алдаа оноо, ололт амжилтаа эргэцүүлж бичнэ. Болохгүй байгаад нь анхаарлын тэмдэг тавиад түүнийгээ тодруулчихдаг. Тэмдэглэл бичихгүй бол нойр хүрдэггүй, тийм дадал зуршилтай болчихсон” гэлээ.

Т.Болортуул мэргэжлийн тамирчны хувиар “Алдар” спорт хороо болон Үндэсний шигшээ багт харьяалагддаг бөгөөд мөн “Жунсон” ХХК түүнийг ивээн тэтгэдэг. “Гурван газраас цалин авдаг болохоор амьдралд маань хангалттай хүрэлцээтэй байдаг. Үндэсний шигшээ багийн цалин л гэхэд сарын 360 мянга байсныг 560 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн. Харин саяхнаас ахиж нэмэгдээд гар дээр яг 971 мянган төгрөг ирэх болоод буй. Ер нь тамирчид бэлтгэлээ дагнахгүйгээр давхар ажил хийвэл ядарна шүү дээ. Монголд зөвхөн тамирчны статусаар дагнан амьдрахад санхүүгийн баталгаа тийм ч хангалттай биш. Спортын төлөө хамаг амьдрал, цаг хугацаагаа зарцуулж зүтгэсэн ч яг карьер нь дуусахад тухайн хүн сургууль төгсөөгүй байвал ямар ч ажил олдохгүй. Тэгэхээр тамирчин байх хугацаандаа л өөрийгөө давхар сайн хөгжүүлж байх хэрэгтэй. Санхүүгийнхээ баталгааг олох нь бас чухал юм”.

Тамирчид бэлтгэлийнхээ зайгаар сургуульд сурна гэдэг бас л адармаатай. Байнга чөлөө авах болно. Цагтаа ирэхгүй бол бэлтгэлд оруулахгүй. Биеэ халаагаагүйгээс гэмтэж бэртээд өөрөө хохирох учраас тэр. Гэхдээ Т.Болортуул хоёр дээд сургууль төгсчээ. Их засаг сургуулийг Иргэний аюулгүй байдал, бие хамгаалах эрх зүйч мэргэжлээр, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг боксын багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж дүүргэсэн аж. 

Тэрээр дотоодын тэмцээнүүдэд шүүгчээр мөн ажилладаг. Боксын спортын нэг одтой шүүгч билээ.

Харин өдийг хүртэл “Боксын дэлхийн АШТ-ээс медаль авч чадаагүйдээ сэтгэл дундуур байна. Хоосон ч юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм” гэлээ. Т.Болортуул хоёр дахь хүүхдээ төрүүлээд ахин рингэнд гарах эсэхдээ эргэлзэж байгаа аж. Учир нь цаашид гэр бүлдээ анхаарал хандуулах, хүүхдүүдээ өсгөх, сургах хариуцлагатай ажил түүнд илүү чухал болж байгаа билээ.

Пауло Коэльогийн “Алхимич” зохиолын гол дүр Сантьяго тэнгэр рүү ширтэн алхах зуураа “Зүүд бодит зүйл болж болдгоороо л амьдрал сонирхолтой байгаа юм даа” хэмээн өөртөө хэлдэг. Б.Болортуулыг боксоор хичээллэж эхлэх үед Монголоос эмэгтэй тамирчин Азийн АШТ-д түрүүлнэ гэдэг зүүд шиг л алсад байж. Түүгээр ч үл барам, эмэгтэй хүүхэд тулааны спортоор хичээллэх нь жендэрийн хэвшмэл хандлагын үүднээс тулгарах хориг ихтэй, амаргүй зүйл байсан юм. Харин тэрээр тууштай, дайчин зан, уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд зүүдийг бодит болгож, ид шидийг мэдэрч үзсэн удаатай. Бас ч түүний хүрсэн амжилт ирээдүй тийш зүтгэх, түүнээс ч цааш тэмүүлэх охидод урам зориг болох нь гарцаагүй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.