Унгарын Будапешт хотноо 6-р сарын 13-19-ний өдрүүдээр болох жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 93 орны 556 бөх барилдахаар зэхэж байна.
Энэ тэмцээнд Монголын 18 бөх хүч сорино.
Эмэгтэйчүүдийн:
48 кг-ын жинд зодоглох Азийн АШТ-ий хүрэл медальт, Их дуулга ангиллын хошой аварга Г.Наранцэцэг, өнөө жилийн Азийн АШТ-д үзүүрлэж, Казахстаны Их дуулгад түрүүлээд буй Хүй Шинраньтай барилдана. Тэд сар гаруйн өмнө Азийн АШТ-ий хагас шигшээд учраа таарахад Хятадын бөх давсан билээ.
Эдгээр бөхчүүдийн хэн давсныг Мальтагийн Катрина Эспосито хүлээж буй. Г.Наранцэцэгийн хуваарилагдсан “А” хэсгийг Италийн бөх, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Скутто Ассунта толгойлж байна.
Өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Азийн аварга, энэ сард Их дуулга ангиллаас анхны түрүүгээ гардсан Ж.Анударь “С” хэсэгт багтаж, эхний тойрогтоо гоц мөргөв. Тэрбээр Вьетнамын тамирчин, Хоанг Ти Тинтэй барилдана.
“С” хэсгийг “Парис"-2024” олимп болон өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт Шведийн 19 настай Тара Бабулфат тэргүүллээ.

52 кг-д барилдах Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальтай Л.Сосорбарам, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн наадмын үзүүр бөх Б.Хорлоодой нар эхний тойрогтоо гоц мөргөж, шигшээ 32-д шуудхан хоорондоо оноолт таарав.
Тэдний хуваарилагдсан “В” хэсгийг Германы бөх, ДАШТ-ий хүрэлтэй Машша Бахаус толгойллоо.

57 кг-д хүч сорих өсвөр үеийнхний дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний хүрэл медальтай, Азийн АШТ-ий үзүүр бөх Т.Ариунзаяа “В” хэсэгт орж, эхний тойрогт гоц мөргөсөн.
Тэрбээр Австралийн бөх, Номхон далайн орнуудын аварга Тинка Эастонтой барилдана. “В” хэсгийг олимпын мөнгө, хүрэлтэй Сара Леони Сизик толгойлов.

63 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэлтэй, Азийн аварга Л.Энхрийлэн, 1-р тойрогт гоц мөргөлөө. Тэрбээр шигшээ 32-д Хорват болон Кубийн бөхчүүдийн хэн давсантай нь барилдана.
Азийн АШТ-ий иж бүрэн медальтай Б.Ганхайч мөн эхний шатнаа гоц мөргөв. Тэрбээр шигшээ 32-д Чех болон Өмнөд Солонгосын тамирчдын аль ялсантай нь хүч сорих юм. ДАШТ болон олимпын наадмын V байрын шагналт Лубжана Пиовесана уг хэсгийг тэргүүлж байна.

70 кг-д ноцолдох Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай Б.Ням-Эрдэнэ, “В” хэсэгт ороод эхний шатнаа гоц мөргөв. Түүний хувьд, Ливаны бөх Чайеб Акулинатай барилдана.
“D” хэсэгт багтсан өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх Д.Есүй, ДАШТ-ий хүрэл медальт Унгарын Софи Озбастай хүч сорих юм. Давсныг нь Польшийн Катарзына Собиеражска хүлээж байна.

+78 кг-ын жинд барилдах Азийн АШТ-ий мөнгө, хүрэлтэй, Азийн наадмын хүрэлтэй А.Адьяасүрэн, Мастерсийн хүрэлтэй, Нидерландын Карен Стивенсонтэй оноолт таарлаа. Тэдний хэсгийг олимпын хошой хүрэлтэй, дэлхийн аварга Роман Дико манлайлахаар болсон.
