Унгарын Будапешт хотноо явагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн аваргууд тодорлоо.
60 кг-ын жинд барилдсан Токиогийн Их дуулга тэмцээний V байрын шагналт К.Ёолк эхний тойрогт гоц мөргөсөн. Тэрбээр АНУ-ын бөх, өсвөрийн дэлхийн аварга Жонатан Ян, Эквадорын Жонатан Бенавидес нарыг давж, шигшээ 8-д шалгарав.
Жонатан Бенавидес өмнөх барилдаанд олимпын мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ян Юнь Вэйг мулталж шуугиан тарьсан.
Өдгөө 24 настай К.Ёолк ДАШТ-д анх удаа оролцож байгаа нь энэ юм.
Тэрбээр шигшээ наймд өнгөрсөн оны ДАШТ-ий V байрын шагналт Оросын Аюуб Блиевтэй цаг сунган барилдаж, торгуулиар ялагдав. Блиев өмнөх тойрогт ДАШТ-ий хошой хүрэлтэй Ли Харимыг мултална лээ.
К.Ёолк дагах барилдаанд Унгарын Цсанад Фешког, шигшээд Бразилийн Мишель Августаг давж, ДАШТ-д анх удаа зодоглоод хүрэл медаль атгасан. Тэрбээр Монголын баг, тамирчдын медалийн салхийг хагалсан нь энэ юм.
Мөн энэ жинд хүч сорьсон ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд, Германы Максимилиан Хейдер, Узбекистаны Бахром Ботуров нарыг даваад, Бразилийн Мишель Августад унаж мултарлаа.