Португалийн шигшээ баг болон “Ливерпүүл” клубийн хөлбөмбөгчин Диого Жота 28 насандаа автомашины ослоор таалал төгссөн билээ.
Тэрбээр төрсөн дүүгийнхээ хамтаар Ламборжини маркийн автомашинтай зорчиж явахдаа Испанийн Самора мужид 7-р сарын 3-ний өдөр осолдсон юм.
Тэгвэл энэ зун клубүүдийн ДАШТ-д түрүүлсэн “Челси” багийнхан энэ тэмцээнээс хувь хүртсэн шагналын мөнгөө бүхэлд нь тэдний гэр бүлд хандивлажээ.
“Челси”-гийн тоглогчид уг тэмцээнд манлайлж 15.5 сая долларын урамшуулал авсан нь нэг тоглогчид дунджаар 500,000 доллар оногдсон байна.
Жота “Ливерпүүл”-ийн төлөө 182 тоглолтод оролцож, 65 гоол оруулсан төдийгүй 2022 онд Английн цом, Лигийн цомын тэмцээнүүдэд түрүүлж, өнгөрсөн улирлыг Премьер лигт манлайлсан билээ.
“Ливерпүүл” багийнхан түүний дурсгалыг хүндэтгэж, 20 дугаарыг Жотагийн нэрээр мөнхөлсөн юм. Мөн тэд ирэх улирлын туршид “Forever 20” гэсэн туузыг зүүх юм.
Харин Жотагийн төрсөн дүү Андре Силвагийн тухайд Португалийн “Пенафиэл” клубт тоглодог байсан.
