UBLife Logo
Спорт

Б.Ганхайч: Би ДАШТ-д түрүүлэх, олимпын наадмаас медаль авах зорилготой

Б.Ганхайч: Би ДАШТ-д түрүүлэх, олимпын наадмаас медаль авах зорилготой

Өнөө жил жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд буй “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Болдын Ганхайчтай ярилцлаа. Тэрбээр Азийн АШТ-ий иж бүрэн медальт, Их дуулга ангиллаас хошой алт, нэг мөнгө, 4 хүрэл медалийг атгасан бөх юм.


-Өнөө жил та Их дуулга ангилалд анхны түрүүгээ дархлан, ДАШТ-ээс хүрэл медаль авч, одтой сайхан наадсан. ДАШТ-ий өмнө өөрийгөө хэр сайн формтой байгаа гэсэн бодолтой байв?

-Баярлалгүй яах вэ. Бэлтгэл сургуулилалтыг сайтар базаасан учир медаль авах, үнэндээ түрүүлэх зорилготой дэлхийн аваргад очсон.

-Өмнөх ярилцлагадаа та “Хамгийн том зорилго маань ДАШТ-ээс медаль авчрах” гэсэн байна лээ. Зорилгодоо хүрчихээр амсхийх, тайвшрах мэдрэмж давамгай байх юм уу, эсвэл амжилтаа улам ахиулах хүсэл, шунал хатгав уу?

-Хүрснээсээ ч өндөр түвшний амжилт гаргах бололцоо байсан учраас ахиад ч дэлхийн медаль авч чадна гэсэн бодол л тэгэхэд орж ирсэн. (Инээв)

-Энэ ДАШТ-д түрүүлсэн Японы жүдоч Харука Кажутай хэсгийн аваргын төлөө тааран барилдахдаа ямар тактикаар буулгаж авахаар төлөвлөв, ялагчийн хувь заяаг юу шийдэв?

-Японы бөхийн өмнөх барилдааны бичлэгүүдийг үзэж байсан. Багш нар зөвлөлдөөд “Лав барьц руу зүтгэж барилдъя” гэж ярилцсан юм. Гэвч барилдааны үеэр хэрэгжүүлж чадаагүй. Барилдааны эхнээс энгэр, ханцуйны барьцыг авч, өрсөлдөгчөө хүлээж барилдсан нь миний алдаа болов уу. Шуудхан л лав барьц руу дайрч барилдсан бол ялах боломж байсан.

-Хүрэл медалийн төлөөх барилдаанд “Рио-2016” олимпын аварга, дэлхийн хошой аварга Рафаэла Силватай хүч сорьсон шүү дээ. Ид үеийнх нь тэсрэлт, эрч хүч саарсан байх, гэвч медалийн төлөө гарч ирнэ гэдэг болгоомжлол төрүүлсэн л биз?

-Силваг сайн барилддаг бөх гэдгийг нь багцаалж байсан. Тэгэхдээ өмнө нь бид хоорондоо барилдаж үзээгүй юм. Силваг ялна гэдэгтээ эргэлзээгүй. Миний хувьд, 63 кг-ын жинд олон жил барилдаж байна. Силва манай жин рүү өгсөөд удаагүй болохоор жиндээ дасаагүй байлгүй ч гэж бодсон. Өрөхөд л бяртай гэдэг нь илт мэдрэгдсэн юм. Тиймээс цагийн төгсгөлд үнэлгээ авбал ялах юм байна гэсэн тактикаар барилдаж, бодсоныхоо дагуу ялсан.

-М.Бундмаа дасгалжуулагч таныг ялахад баярласандаа орилж байгаа нь телевизийн камерт өртсөн. Таныг ийм сайхан сэтгэлээр дэмжих хүн хажууд тань байгааг мэдрэхэд ямар санагдсан бэ?

-Тухайн агшинд багшийн ямар сэтгэл хөдлөл илэрхийлснийг харж амжаагүй. Тайвширсан хойноо бичлэгийг нь харахад миний амжилтад надаас ч илүүтэй баярлаж байна лээ. Сайхан санагдсан.

-Их дуулга ангилалд 29 удаа зодоглож, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль зүүснийхээ дараа өнөө жил Душанбед анх удаа түрүүллээ. Энэ хэр үнэ цэнтэй ялалт байв?

-Хагалгаанд орсныхоо дараахан олон улсын тэмцээнд оролцсон, тэгэхдээ шууд түрүүлсэн болохоор сэтгэл хөдлөл маань дээд цэгтээ хүрсэн шүү дээ. Дотоодынхоо тэмцээнд ялагдаж, Үндэсний шигшээ багт орж чадаагүй учраас хувийнхаа зардлаар Душанбед очсон. Зардал мөнгө хайж байгаад эцэстээ аав руу залгахад “Хэдэн төгрөг хэрэгтэй юм. Болно шүү дээ” гэсэн. Душанбегийн Их дуулга тэмцээнд оролцоход “Монос”-ийн Л.Эрдэнэчимэг эгч буудлын маань зардлыг дааж, тусалсан.

-Таны хувьд, мөрөндөө бэртэл авч багагүй цаг хугацааг алдсан. Тэгэхдээ бас бэртлээ эдгээгээд урьдынхаасаа ч өндөр амжилтад хүрсэн шүү дээ. Уналтаас ахин дэвшихэд юу танд нөлөөлөв?

-Би 2023 онд анх удаа мөрөө мулталсан юм. Зургаан сар гам бариад, 2024 оны эхэнд олимпын эрх авахын төлөө олон улсын тэмцээнүүдэд аргагүй оролцох болсон. Гам барьсан энэ хагас жилийн хугацаа бол бэлтгэлжилт, сэтгэл зүйн хувьд их хямралын үе байлаа, миний хувьд. Ингэж завсарласны дараах эхний тэмцээндээ сайн барилдсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдааны үеэр санамсаргүй жижигхэн хөшилтөөс болоод л мөр маань ахин мултарчихсан. Хэдий хэцүү байсан ч, олимпод оролцохоор зориглосон учир давчуу хуваарьтай тэмцээнүүдэд тэвчиж барилдсаар л байлаа. Нэг тэмцээн өнжөөд л дараагийнхад нь мөр мултраад байв. Мөрний олон мултрал, мөн дараалсан ялагдлуудыг тэснэ гэдэг үнэхээр бэрх санагдсан. Ялах сан, олимпын оноо цуглуулах сан гэж хүснэ. Ийм үед сэтгэл зүй гэдэг ямар ч тогтворгүй, цаг үргэлж дээшээ доошоо хүчтэй савлаж байгаа юм. Тэгэвч “Парис-2024” олимпод оролцох эрхээ авч чадаагүй, тэр жилийнхээ долоодугаар сард хагалгаанд орсон.

Хагалгаанд орсны дараа сэтгэл зүйн байдал маань ахин сэргэх шиг санагдаж байлаа. Би хагалгаанд орчихоод таван сар гаруйн дараагаас л дотоодынхоо тэмцээнд оролцсон. Эхний хэдэн тэмцээнд барилдахдаа өндөр айдастай байсан юм. Мөрөө олон дахин мулталчихаар аяндаа айх, түгших мэдрэмжтэй болчихдог юм билээ. Юу ч хийлгүй сууж байхад хүртэл мөр маань мултарч байх шиг санагдаад түгшиж эхэлнэ гээч. Харин мөнхүү үеэр хоёр сар тутамд нэг удаа дотоодын “Топ-6” тамирчдыг оролцуулсан тэмцээн зохион байгуулагдаж таарсан нь надад томоохон тус болсон. Ахин бэртчих вий гэсэн айдас, болгоомжлолыг маань бага багаар зөөллөж өгсөн юм. Үүний дараа Душанбегийн Их дуулгад түрүүлэх үед миний сэтгэл зүй маш өндөр түвшинд хүрчихээд байсан.

-Хагалгаанд ороод хэдий хэр хугацааны дараагаас бэлтгэлдээ хамрагдаж эхэлсэн бэ?

-Хоёр сар хэртэй ямар ч хөдөлгөөнгүй гам барьсан. Ингэж мөрний жижиг дасгалуудыг хийх бололцоо нээгдсэн юм. Хагалгаанд орсноос хойш таван сарын дараа УАШТ-д оролцохдоо шуудхан барилдаж эхэлсэн. Энэ зуурт барилдааны бэлтгэл ер хийгээгүй.

-Таныг цөөнгүй тэмцээний үеэр бэртлийн зовууриас болж, идэвхгүй, мэхний оролдлого төдийлөн хангалттай бус барилдахыг харж байсан. Тухайн үед бөх сонирхогчид шүүмжилсэн шүү дээ. Сэтгэл зүйн хувьд дарамт мэдрэгдсэн үү?

-Ахиад бэртчих вий гэсэн санаа зовнилоос үүдэн хөдөлгөөн, лав барьц руу зүтгэх хүсэл хязгаарлагддаг. Бэртлийн дараах айдсаа давж чадвал сая амжилтад хүрнэ. Тэгэхгүй бол шантраад л дуусах юм шиг санагдсан. Бас бэлтгэл хийх сэн гэж хүсэх хэр нь ээ, хийж чадахгүй байх үнэнхүү хэцүү юм билээ. Өдөр ч яах вэ, шөнө нойр хүрэхгүй, унтах гэж л их шаналдаг байсан. Хүн бүхэнд уналтын үе гэж бий, түүнийг ойлговол сайхан санагдах нь лавтай.

-Мөр тань анх мултрахад тэр даруй эмчлүүлж чадсан уу. Эсвэл олимпод орох сон гэж зориглоод эмчилгээндээ хойрго хандсан уу?

-Анх мөрөө мулталснаас маань ердөө нэг сарын дараа ДАШТ болох хуваарьтай байсан. Дөнгөж мултарсны дараах өвдөлт, зовуурь ч төдийлөн хүчтэй биш юм билээ. Мултраад буцаад зөв орчихсон тохиолдолд шүү дээ. Хүчтэй зовуурьгүй болохоор нь гам барилгүй, бэлтгэлээ хийх гээд шуначихсан юм. Хөндүүргүй болохоор нь дэлхийн аваргад барилдчихъя гэж санаад бэлтгэл хийж байтал хэдхэн хоноод (бэлтгэлийн үеэр) ахин мултарчих нь тэр. Ингээд л хагалгаанд орохоос аргагүй “сурмаг мултрал” гээч нь болчихсон. Уг нь анх мултарсных нь дараа л удаан хугацаагаар гам барьж чадах юм бол хагалгаанд оролгүй анагаачих бололцоотой байсан л даа.

-Сая ДАШТ-д долоо дахиа оролцож, анхны медалиа авсан. Өмнөх ДАШТ-үүдэд оролцохдоо та юуг суралцсан бэ?

-Анх би өөртөө итгэлтэй байхыг сурч байгаа юм. Дараа нь багш нартайгаа хамтран ажиллах итгэлцлийг сурсан. Ер нь өөртөө итгэх, багшдаа итгэх итгэл нийлж байж амжилт гаргах болов уу. Амжилтын эх үндэс нь итгэлцэл байдаг.

-2019 оны ДАШТ-д хүч сорихдоо 7-р байрт шалгарсан. Тэгэхэд медальд ойрхон очсон шүү дээ. Гэвч үүнээс зургаан жилийн дараа л ДАШТ-ээс медаль гардлаа. Энэ зуурт юу болов?

-Тухайн ДАШТ-ий дараах жил нь Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар солигдсон. Мөн цар тахлаас үүдэн тэмцээн ч завсардсан юм. Өмнөх багш нартайгаа ойлголцоод өөртөө итгэлтэй ч болж байсан л даа, уг нь. Даанч багш нар солигдоход шинэ танилтай нүүр хагарах гэж уддаг би ахин хэдэн жилийг ойлголцож чадалгүй алдсан. 

-“Токио-2020” олимпын наадамд хэрхэн оролцсон гэж дүгнэдэг вэ?

-Миний хувьд, өөрийгөө сайн барилдсан гэж боддог. Жижигхэн алдаанаас болж ялагдсанаас биш, биеийн байдал, бэлтгэлжилтийн хувьд хангалттай түвшинд байсан.

-Та 18 жил барилдаад дэлхийн медальтан болсон. Энэ зуурт дэлхийн медаль санаанд тань хэр элбэг багтаж байв?

-Бүх тэмцээнээс л медаль авъя гэж зорьж оролцсон. Тэр өдөр ямархан нэг зүйлийн эв таараагүйгээс л хожигдож байсан болов уу. Бэртлээс болж бага зэрэг шантрах тохиолдолтой нүүр тулгарч байсан боловч барилдахаа болъё гэж ганц ч удаа эргэлзсэн удаагүй юм. Харин “Би чадна” гэдэг үгээр олон ч удаа өөрийгөө зоригжуулж байсан.

-Та 63 кг-ын жинд ДАШТ-ээс медаль авчирсан Монголын гурав дахь бөх. Өмнө нь Б.Мөнгөнчимэг, Ц.Мөнхзаяа нар энэ жинд барилдаж, ДАШТ-ээс хүрэл медаль атгаж байсан. Энэ жингийн залгамж халааны тухайд юу хэлэх сэн бол?

-ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн саяхнаас рүү 63 кг руу өгсөн барилдаж байна. Өсвөрийн тамирчдаас Х.Маралмаа гэдэг охинд их ирээдүй байгаа гэж хардаг.

-Нэг жинд хоёр сайн тамирчин байх асуудал мөн үү. Л.Энхрийлэн танай жинд барилдах болсноор олимпын наадамд оролцох сорилтыг тань улам чангаруулж байх шиг?

-Олимпын наадмын өмнө аль сайн формтой байгаа нь л явна. Би дотоодын өрсөлдөөнд санаа зовохгүй байна. Өөрөө бэлтгэлээ сайтар базаагаад өндөр түвшинд барилдаж чадвал боломж үргэлжид нээлттэй байдаг.

-Таны медалийн цуглуулгад Гранпри, Мастерс ангиллын түрүү дутуу байна. Хойшид эдгээр тэмцээнд түрүүлэхийн төлөө зорьж, зүтгэх үү?

-Тэгэлгүй яах вэ. Болбол олимпын наадамд ахин оролцож, медаль авахыг хүсэж байна.

-2028 оны Лос Анжелесийн олимп болоход гурван жилийн хугацаа үлдээд байна. Тэгэхээр энэ зуурт өөрийнхөө формыг өндөр түвшинд барих шаардлага гарч ирэх болов уу. Ер нь олон жилийн хугацаанд формоо жигд өндөр түвшинд хадгалахын тулд ямар тактик баримталдаг вэ?

-Уйгагүй, шантрахгүй бэлтгэлдээ явах (инээв).

-18 жил жүдо бөхөд тууштай, үнэнчээр зүтгэхэд тань юу нөлөөлөв?

-Миний хор шар юм болов уу (инээв). Амжилт төлөөх, зорилгодоо хүрэхийн төлөөх хор шар байх.

-Анх жүдогоор хичээллэхэд юу таныг урин дуудсан бэ?

-Ноцолдох, барилдах ажил надад маш их таалагдсан. Ах нартайгаа барилдаж, ноцолдож өссөн болохоор тэр байх. Хэнтий аймгийн Нэгдүгээр сургуулийн Г.Эрдэнэбилэг багш “Жүдо бөх сонирхоод үзээч” гэж хэлснээр бэлтгэлийн заал руу ортол хүүхдүүд хоорондоо ноцолдож, шуугилдаад л буцалтгүй сайхан мэдрэмж угтсан. Тэгэхэд би тавдугаар ангийн сурагч байлаа. Ер нь олонтойгоо байх сайхан шүү дээ. 

-Хэдэн оноос Улаанбаатарт бэлтгэл сургуулилалтаа хийх болов?

-Аравдугаар ангид байхдаа 2012 онд Спортын Төв сургуульд шилжиж ирсэн.

-Тухайн үеийн хотын амьдрал ямар санагдаж байв, дасан зохицоход хэцүү зүйл байсан уу?

-Хичээлдээ явна, тараад шуудхан бэлтгэлдээ орно. Дараа нь гэртээ хариад гэрийн даалгавраа хийчихээд унтана гэсэн тогтсон зүй тогтлын дагуу амьдарсан болохоор бусад зүйлсийг анзаарч байсангүй. Би жүдогоор хичээллэх болсноосоо хойш хичээл- бэлтгэл-гэр гэсэн маршрутаар л 18 жил амьдарсан байна. Энэ маршрутаас хазайя гэхэд одоо ч гэсэн хотод газар сайн мэдэхгүй шүү дээ.

-ДАШТ-ээс авчирсан хүрэл медалийн өнгийг өөрчлөх сөн гэж хэр их хүсэж байна?

-Шуудхан хэлэхэд, би амжилтаа ахиулах, ДАШТ-д түрүүлэх зорилготой.

-Татамид барилдсан бөхчүүдээсээ хамгийн хүчтэй өрсөлдөгчийг нэрлээч?

-Словенийн Тина биеэр жижигхэн хэдий ч хурдтай, тэсрэлттэй, уран барилддаг. Мөн Агбегнену ч гэсэн хүчирхэг, дайчин тамирчин.

-Дэлхийн шилдэг бөхчүүдтэй хүч сориход таны давуу тал юу байж болох вэ?

-Ямар ч бөхөд бярдуулахгүй.

-Та өөрийнхөө залуу насанд ямар зөвлөгөөг хэлэх вэ?

-Эрт нээлттэй болох хэрэгтэй. Би бусад хүмүүстэй харилцахдаа, сэтгэлээ нээхдээ сайн биш байсан юм. Энэ байдлаасаа болж олон ч амжилтдаа хожуу хүрсэн.

-Таныг дэмжиж, тусалсан олон хүнд талархлаа хэлэхийг хүсэж байгаа болов уу?

-Надад тусалж, дэмжсэн хүн бүхэнд баярладаг. Аав, ээж, гэр бүлийнхэн, садан төрлийнхөндөө баярлалаа. Аав, ээжийнхээ төлөвшил, төрх байдалтай өөрийгөө адилхан гэж боддог. Ийм сайхан аав ээжийн охин болж төрсөндөө баярладаг юм.

Жүдо бөхийн спортод анх намайг оруулсан  Г.Эрдэнэбилэг багшдаа маш их баярлалаа. Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, жүдо бөхийн холбооны ЕНБД Б.Батгэрэл нар болон бусад гишүүддээ баярлалаа. Биеийн тамир, спортын хорооны удирдлага, хамт олонд баярлалаа. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, ах эгч, дүү нар, найзууддаа маш их баярлалаа. Мөн “Алдар” спорт хорооны удирдлага, хамт олондоо баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.