UBLife Logo
Newsfeed

Өнөөдрийн зурвас | Зочин 

Өнөөдрийн зурвас | Зочин 

Энэ хорвоогийн зочид билээ, бид. Үдлээд буцдаг нь хорвоогийн жам. Хал үзэж, хамгийг туулсан нэгэн бол буцах замаас эмээх нь үгүй. Харин зарим нь хорвоотой танилцах аяллаас хэтэрхий эрт харван оддог нь харуусмаар. 

“Намайг авахаар намар ирлээ

Үзэсгэлэнт сайхан намар ирлээ

Зөөлөн бороотой ирлээ

Явъя аа, чиний ээлж ирлээ гэлээ…”. Ээлж…  Миний, чиний, бидний ээлж… Хэзээ нэгэн цагт ирэх ээлж. Бүгд явна, бүгд.  

“Хоногийн тоо нь гүйцээгүй юм байлгүй” гэж эмээ минь ярьж суудагсан. Тоо нь гүйцсэн гэвэл явахад бэлэн мэт л. Үхлийн тухай бодохоос ч айдаг би “Та үхэхээс айдаггүй юм уу” гэж асуусан удаатай. Үхэхээс бусдыг үзсэн хүн үхлээс биш үлдэж буй хэддээ л санаа чилээж, сэтгэл нь зовниж явдгийг эмээгийнхээ ярианаас ойлгосонсон. Амьсгал хурааж буй нь биш үлдэж байгаа хэд нь үхлийг илүүтэй мэдэрдэг ч юм шиг. 

Жамын хагацал, зуурдын үдэлт. Хөгшин залуу гэлтгүй хорвоог орхиж, зуурдаар болоод жамаараа одогсдын тухай сонсож, уншихад сэтгэл үймрэх. Хүслээс үл хамааран сошиалд хөврөх тэдний зураг, эмгэнэлийн үгс. “Дөнгөж сая нас баржээ” гэх хэр шуурхай мэдээлж буйгаа өрсөн нотлох мэт гарчгууд. Хэнд хэрэгтэй гэж? Бие нь хөрж амжаагүй нэгнээ үдэж үл эвлэрэх сэтгэл, ард нь үлдээд цохилох хайртай зүрхнүүдийг нэмээд сошиалаар “бөмбөгдөж” яах гэж? Тэд үүнийг хүсэхгүй. Утсаараа зургийг нь харах байтугай нэрийг нь хэлэх ч тэнхээ тэдэнд үгүй. Үнэнтэй эвлэрэх, сэтгэлээсээ тавьж явуулах хугацаа гэж бий. Үүнийг л эмгэнэл, гашуудал гэдэг. Хагацлын нулимс хатахыг нь хүлээгээсэй, одогсдоо хүндлээсэй. Нас барсан нэгнээ монголчууд “бурхан болооч”, “талийгаач” гэж дуудан нэрийг нь хэлэхээс ч цээрлэдэг. Үүнийг би хүний ёс гэж боддог. 

Энэ жил бид нар олны танил эрхмүүд болоод урлаг соёлын оддоос олныг алдаж, бурхан зүгт үдлээ. Хамгийн сүүлд гэхэд Ноён Бондгор нэрээрээ бидний зүрх сэтгэлд үлдсэн Ц.Амарбаяраа алдлаа. Яг тэр өдөр нь сошиал хуудсаар байтугай мэдээллийн сайтууд ч тухай нь мэдээлэхдээ “шуурхай мэдээ” нэрийн дор олон зургийг нь дараалуулан нийтэлж, хэдэн үг хайнгадуухан “эмхэрдээд” тавьсан нь эмзэглэм байв. Харин талийгч олонтойгоо хүн байсныг долоо хоногийн эхээр болсон оршуулгын ёслолд цугласан анд нөхөд нь, цагаахан сэтгэлтэй эрхэм хүн байсныг нь дурсан өгүүлэх чин сэтгэлийн хөөрөлдөөн харууллаа. Түүний үргэлжлэл болсон хүү, хорвоог хамтдаа туулсан хань болон ар гэрийнхэн, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Үүрд орхин одсон хайртай бүхэн минь сэтгэл зүрхэнд үргэлж амьдаараа оршдог билээ.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
3
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
89\54.179.143.154
Үүрд орхин одсон хайртай бүхэн минь сэтгэл зүрхэнд үргэлж амьдаараа оршдог билээ. Энэ үг яг үнэн юм бнлээ Маш их санаж байна My mommy