Японы сүмо бөхийн холбооноос ирэх сард шинэ бөхийн шалгалтад орох бөхчүүдийн нэрсийг зарлалаа. Нийт найман бөх мэргэжлийн сүмод орох бөгөөд нэг нь Монгол улсын гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнийн хүү А.Сүхбат юм.
Тэрээр Асахияма дэвжээнд элссэн байна. А.Сүхбат энэ жил 24 настай. Өнгөрсөн жилийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 16-д орсон.

Тус дэвжээний ояката нь хурц барилдаант Котонишики юм. Асахияма ояката “Маш даруу, сайн залуу. Сэншюү их сургуульд сүмо барилддагаараа биш хичээлдээ сайнаараа элсэж орсон. Их ухаантай залуу даа. Жижигхэн биетэй ч хэлсэн, заасан бүх зүйлийг маш сайн сурч байгаа тул жюүрёод дэвшихэд гайхах зүйлгүй” гэж ярьжээ.
