UBLife Logo
Спорт

Жүдо бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Ё.Басхүүгийн тухай ДОЛООН баримт

Жүдо бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Ё.Басхүүгийн тухай ДОЛООН баримт

Унгарын Будапешт хотноо 6-р сарын 13-19-ний өдрүүдээр болох жүдо бөхийн ДАШТ-д Монголын 18 хүчтэн зодоглох билээ. Бид энэ тэмцээний 66 кг-ын жинд барилдахаар зэхэж буй ДАШТ-ий хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүүгийн тухай сонирхолтой ДОЛООН баримтыг онцолж байна.


#1. Зүй тогтол худал хэлэхгүй

Ё.Басхүү сондгой тоотой жил ээлтэй сайхан нааддаг. Үүний нотолгоо нь 2021, 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн явдал билээ. Өдгөө түүнд хоёр л оргил дутуу байгаа. ДАШТ-д түрүүлэх, олимпоос медаль зүүх юм. Ямартаа ч энэ ДАШТ-д дээлийнх нь захыг мушгих эрсийн нэг нь гарцаагүй Ё.Басхүү болно.


#2 Ойрын хугацааны форм

Ё.Басхүү 2023 оны Токиогийн Их дуулга тэмцээнд үзүүрлэснээсээ хойших хугацаанд олон улсаас медаль авч чадаагүй байна. Энэ зуурт тэрбээр зургаан тэмцээнд өрсөлдөж, Токио, Парисын Их дуулга болон Португалийн ГранПригээс V байраар мултарсан билээ. Мөн сүүлийн хоёр олимпод дараалан VII байрт шалгарсан явдал нь түүнийг энэ тэмцээний гол найдлага гэж үзэхэд хангалттай хүч нэмж байна.


#3. Ах дүү бөх

Ё.Басхүүгийн төрсөн ах нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн донорын эмч Ё.Улсболд юм. Ё.Улсболд үндэсний бөхөөр барилдаж аймгийн начин цолонд хүрсэн. Мөн Үндэсний Их баяр наадмын гурвын даваанд улсын арслан Э.Оюунболдыг хаяж, шуугиан тариад амжсан удаатай.


#4. Ах Абэг номхруулсан нь

Ё.Басхүү 2021 оны Токиогийн олимпооор шагналт VII байрт шалгарсан. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Японы Абэ Хифүмитэй барилдаж, вазаригаар ялагдсан юм.

Абэ олимпын өмнө бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлнэ хэмээн ам гарсан ч Ё.Басхүүтэй барилдахдаа 18 секунд дутуу байхад вазари үнэлгээ авч, ялсан билээ. Ингээд Абэ амлалтадаа хүрч чадаагүй юм.

Ё.Басхүү дагах барилдаанд дэлхийн чансааг тэргүүлэгч, ДАШТ-ий мөнгөн медальт Мануель Ломбардотой цаг сунгаж, нэмэлт цагт давуулж үүрч, дагаж эргээд вазари үнэлгээ авсан. Гэвч шүүгч нар бичлэг үзээд үнэлгээг нь цуцалж, Ё.Басхүүг хөлд хүрсэн гэж үзэн, Ломбардод ялалтыг өгсөн юм.


#5. Олон улсад дархалсан үнэмлэхүй амжилтууд

Ё.Басхүү 1993 оны 10-р сарын 01-нд төрсөн бөгөөд өнөө жил 31 настай.

Тэрээр 2022 оны Азийн аварга төдийгүй “Ханжоу-2022” Азийн наадмын үзүүр бөх билээ.

Түүнчлэн Их дуулга ангилалд хоёр түрүүлж, мөнхүү тэмцээнээс 3 мөнгө, 7 хүрэл медаль атгаад буй. 2019 онд Мастерс ангиллаас хүрэл медаль авч, ГранПри ангилалд нэг түрүүлж, 2 хүрэл зүүсэн.

Өдгөө дэлхийн чансааны 13-р байрт эрэмбэтэй бөх юм.


#6. Цуцашгүй барилдаанч болохоо гайхуулсан нь

Ё.Басхүүгийн барилдааны онцлог түүний тэвчээртэй, цуцашгүй, дайчин байдлаас илхэн харагддаг. ДАШТ-ий алт, хошой хүрэл, олимпын мөнгө, хүрэл медальт Ан Баулийг 07:12 минутын урт барилдаанд тэсвэр тэвчээрээрээ хол илүү ялж, Парисын Их дуулгад түрүүлж байв, тэр.


#7. Харимал бөхийн шийдсэн мэх

Ё.Басхүү ДАШТ-д 2019 онд анхлан зодоглож, Абэ, Виеру нарт ялагдан шагналт V байрт орсон. Сонирхолтой нь, түүнийг ялсан хоёр тамирчин хоёул тухайн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Харин 2021 онд ДАШТ-д хоёр дахиа зодоглосон Ё.Басхүү хүрэл медаль зүүсэн билээ.

Хэдийгээр залуу цагийнх нь тэсрэлт багассан ч харимал бөхийн шийдсэн мэх ямархан аюултай болохыг дэлхийн олон хүчтэн бидэнд хангалттай мэдрүүлсэн. Ё.Басхүүд мөн бодсон зүйл, бэлдсэн мэх байгаа нь гарцаагүй. Түүнд өдгөө туршлага байна, ухаан байна, мэх байна. Энэ бүхнээрээ ааглаж барилдахад л түрүүлэхгүй гэхийн аргагүй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.